ДАРХАН-УУЛ: Хүүхдийн спортын 7 дугаар наадамд 180 тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-01 11:51:33

Дархан /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны "Журам батлах тухай" 183 дугаар тогтоолын хавсралт, Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журмын хоёр дахь хэсэгт "Монголын хүүхдийн спортын наадам" -ыг 2019 оноос эхлэн хоёр жил тутамд өвөл, зуны спортын төрлөөр зохион байгуулна гэж заасан. 2023 оны хүүхдийн спортын наадмын Дархан-Уул аймгийн анхан шатны тэмцээн гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулагдлаа.


Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул аймгийн ЕБ-ын 23 сургуулийн 3960 тамирчид 538 багц медалийн төлөө өрсөлдлөө. Тэмцээний төрөл тус бүрээс тэргүүн байранд шалгарсан тамирчид Монголын хүүхдийн спортын улсын 7 дугаар наадамд аймгаа төлөөлөн оролцох эрхтэй болж байна. Тодруулбал, ирэх  зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд спортын 21 төрлөөр зохион байгуулагдах спортын наадамд Дархан-Уул аймгаас 180 тамирчин оролцох ажээ.


Хоёр сарын хугацаанд зохион байгуулагдсан уг тэмцээний багийн нийлбэр дүнгээр 39 алт, 37 мөнгө, 38 хүрэл медаль хүртсэн “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль тэргүүн байр, дэд байрт 32 алт, 31 мөнгө, 35 хүрэл медалиар “Од” цогцолбор сургууль, гутгаар байрт 23 алт, 22 мөнгө, 31 хүрэл медалиар дөрөвдүгээр сургууль шалгарч цом, мөнгөн шагналын эзэд боллоо.


Тэмцээний хаалтын үеэр Хүүхдийн спортын 7 дугаар наадмын анхан шатны тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шүүн явуулсан багш дасгалжуулагч, ур чадвараа гарган чин шударгаар өрсөлдсөн нийт тамирчдадаа аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан баяр хүргэж амжилт хүслээ.

Холбоотой мэдээ