Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн хэлэлцүүлэг эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг төслийнхөө талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан эдгээр төслийн талаарх Засгийн газрын байр суурийн талаарх танилцуулгыг хийж, оролцогчдоор хэлэлцүүлнэ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг УИХ дахь намын бүлгүүд, эвслийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг, мөн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар боловсруулж, өргөн мэдүүлсэн. Эдгээр төслүүдийн үндсэн концепц ижил тул хамтатган хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа юм.
Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны сүүлч, 2023 оны эхэнд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгыг сануулж, иргэд Зөвлөлдөх санал асуулгаар гурван багц чиглэл өгсөн. Юуны өмнө 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, шаардлагатай хуулиудыг даруй баталж мөрдүүлэх, хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, үндэсний баялгийг ард иргэдэд болон ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох, гуравдугаарт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг батлах, парламентын засаглалаа бэхжүүлэх, төлөөлөх чадавхыг сайжруулах, жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх төлөөллийг бий болгож чадах тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг өгсөн гэлээ. Мөн тэрбээр улс төрийн намууд авлига, хээл хахууль зэрэг олон сөрөг асуудлын эх үндэс болж буйг дурдаад, эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нэр дэвшүүлж байгаа гол институц болох улс төрийн намуудаа цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой. Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэхэд та бүхний хувь нэмэр үнэтэй чухал хэмээн онцлон тэмдэглэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
УИХ-аас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөгчид оролцож байна.