Японы эрдэмтэд судас, мэдрэлийн судлыг шинжлэх уян дуран бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-25 17:11:21

ТОКИО. /NHK/. Японы судлаачид судас, мэдрэлийн судлыг шинжлэхэд зориулж дуслын тарианы зарим зүүнээс ч нарийхан голчтой уян дуран /эндоскоп/ бүтээжээ.


Энэхүү 1.25 мм-ийн голчтой дуранг ашиглан өвдөгний үе мөчний шинжилгээ хийвэл өвчтөнд өгөх ачааллыг бууруулна гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Одоо ашиглаж буй технологиор бол энэхүү шинжилгээг мэдээ алдуулагч хэрэглэн мэс заслын аргаар хийдэг.  Харин уг  дуранг маш жижиг хэмжээний нүхээр буюу тухайлбал, дуслын тарианы зүүгээр дамжуулан хүний биед оруулах боломжтой ажээ. 


“Энэ дуран бол маш нарийхан хэрнээ дамжуулж буй дүрсний чанар сайтай тул өмнө нь харж чадахгүй байсан хэсгүүд буюу жишээлбэл судас, мэдрэлийн судлуудыг харах боломжтой болно. Миний хувьд зөвхөн үе мөчний холбоос төдийгүй, биеийн бусад хэсгүүдийг шинжлэхэд ч энэ дуранг ашиглах хүсэлтэй байна” судалгааны багийн гишүүн Кейогийн Их сургуулийн анагаах ухааны факультетын профессор Масая Накамура хэлжээ.


Энэхүү уян дуранг бүтээхийн тулд эрдэмтэд тусгай шилэн мяндасны (optical fiber) шинж чанарыг ашигласан бөгөөд энэ нь линзтэй адилхан гэрлийн хугарлыг ашиглан дүрс дамжуулах боломжийг олгодог аж. Ийм дуранг хуванцараар үйлдвэрлэж болох гэнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал багасаж, мөн өвчтөнд үзүүлэх нөлөөлөл нь аюулгүй байна гэж эрдэмтэд үзэж байна. Хэт нарийн энэ дуранг 2024 онд хэрэглээнд нэвтрүүлнэ гэж тэд найдаж байгаа аж.

Холбоотой мэдээ