Орос, Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-04-25 11:59:27

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Шадар сайд Ч.Хүрэлбаатар нар даваа гарагт уулзах үеэрээ хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцаа тэр дундаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ. 


"Хэлэлцээний гол сэдэв нь худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр-ложистик, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан төслүүдийг цаашид хэрэгжүүлэх боломжийн тухай байв" гэж ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурдсан байна. 


Түүнчлэн Орос, Монголын соёлын хэлхээ холбоо, түүхэн ойр байдлыг харгалзан “хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, Орос-Монголын яриа хэлцээнд хүний хөгжлийг нарийвчилж оруулахад анхаарал хандууллаа” гэж онцлон тэмдэглэжээ.


Үүнээс гадна, А.Оверчук, Ч.Хүрэлбаатар нар дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, "дэлхий даяар болон бүс нутагт болж буй өөрчлөлтүүдээс Евразийн гео-эдийн засгийн бүтцэд үзүүлж буй нөлөөллийн” талаар санал бодлоо солилцож, Москва, Улаанбаатарын худалдааны салбарын яриа хэлэлцээг сайжруулах арга хэмжээ авах асуудлыг хөндсөн байна.


“Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдааны хэмжээ ихээхэн нэмэгдэж байгаа боловч Монголын талд ашиггүй худалдааны тэнцвэргүй байдал хэвээр байгаатай Шадар сайд нар санал нэгдэв. Үүнтэй холбогдуулан талууд одоо байгаа тэнцвэргүй байдлыг засаж залруулах, худалдааны харилцааг уялдуулах, эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ" гэж Засгийн газрын мэдээнд дурджээ. 



Холбоотой мэдээ