Найрамдлын элч хулсны баавгайгаа Хятад улс АНУ-аас эргүүлэн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-04-24 15:04:01

БЭЭЖИН. /China Daily/. АНУ-ын Теннесси муж улсын Мемфис хотод 20 жилийг өнгөрүүлсэн Я Я хэмээх найрамдлын элч хулсны баавгайг Хятад улс эргүүлэн авахаар болжээ. Энэ тухай тус улсын Ой, тал хээрийн аж ахуйн улсын газар мэдэгдсэн байна. 


"АНУ-д 20 жил болж байгаа эм хулсны баавгайг ойрын өдрүүдэд Хятадад авчирна" гэж дээрх байгууллага мэдээлжээ. Талуудын хэлэлцэн тохирсны дагуу хулсны баавгайг Шанхай руу нислэг үйлдэх онгоцоор авчрах аж.


Я Я баавгай Бээжингийн амьтны хүрээлэнд 2000 оны наймдугаар сард төржээ. Улмаар 2003 оны дөрөвдүгээр сард Ле Ле хэмээх хулсны баавгайн хамтаар найрамдлын элч болж Мемфис хотод ирсэн байна. Я Я баавгайг Хятад улс эргүүлэн авахаар болсныг хотын амьтны хүрээлэн 2022 оны сүүлчээр мэдэгджээ. 


Я Я баавгайг АНУ-д найрамдлын элчээр “суух” хугацааг анх 10 жилээр тохиролцож байсан бөгөөд 2013 онд дахин 10 жилээр сунгасан аж. Хятадын мэргэжилтнүүд хулсны баавгайн эрүүл мэндийн байдлыг шалгахаар өнгөрсөн хоёрдугаар сард Мемфис хотын амьтны хүрээлэнд очсон байна. 

Холбоотой мэдээ