СЭЛЭНГЭ: Мандал суманд алим тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-23 11:01:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд жимс жимсгэний аж ахуй эрхлэгч иргэдэд мэдлэг олгох сургалт зохион байгуулав.


Сургалтаар жимс жимсгэний аж ахуй эрхлэхийн ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж, чавга, интоор, лийр, алим зэрэг жимс жимсгэний мод тарих, танах, арчлах зэрэг олон чиглэлээр мэдлэг олгожээ.


Сургалтыг Хараагийн бүсийн Сум дундын ойн анги, Зүүнхараа Политехникийн коллеж, Мод боловсруулах үйлдвэр хамтран зохион байгуулсан бөгөөд 140 гаруй иргэн оролцжээ.


Дээрх сургалтын сургагч багшаар Ховд аймгийн “Булган голын алим“ ХХК-ийн захирал Х.Балжинням, “Монгол Алтайн алтан алим“ ХХК-ийн захирал С.Ариунбаатар, “Булган голын алим“ ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаяр, Зүүнхараа Политехникийн коллежийн Ойн мэргэжлийн багш Б.Галя нар ажиллаж, суралцагчдад ном, гарын авлагаар ханган ажиллажээ.


Сургалтын сургагч багш “Булган голын алим” ХХК-ийн захирал Х.Балжинням өөрийн туршлага дээр суурилсан мэдлэгээ хуваалцахын зэрэгцээ алимын модны тайралт хийх аргачлалыг суулгац бүхий газар дээр нь очиж зааварчилж зөвлөсөн байна.


Бага залуу наснаасаа жимс жимсгэний аж ахуй эрхлэн эдүгээ 20 гаруй жилийн туршлага хуримтлуулсан тэрбээр “Монгол Улс гаднаас алим жимсээ худалдаж авах шаардлагагүй л болмоор байгаа юм” хэмээн хүсэж явдгаа ярьсан.


Мөн Зүүнхараа алим тариалахад бүрэн боломжтой хөрс сайтай газар. Иймээс олон ч ажлын байр бий болгож, олон ч өрх эдийн засгийн үр өгөөжтэй болох боломж бүрэн бий хэмээн онцолж байв.  


Эднийх газар тариалангийн салбарт 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн 15 жилд алимын аж ахуй эрхэлж байгаа аж. Булган суманд жилд 20-иод мянган суулгац гардаг бөгөөд үржүүлгийн 6 аж ахуй байдаг байна.


Тэрбээр энэ сургалтын гол зорилго бол бидний алдааг давтахгүйгэр энэ аж ахуйг цаашид эрхлэн авч яваасай гэдэг үүднээс зохион байгуулж байгаа гэв.  


Алимыг анхлан тарьж байгаа хүмүүс тарилтаасаа эхлээд алдаа гаргадаг учраас ургадаггүй байна. Маш их алдаа гаргадаг аж.


Мөн тэрбээр надаас Зүүнхараагийн иргэд 2019-2020 онд алимын мод авсан хүмүүсийн мод сайхан ургасан байна. Би модоо өгсөн хүмүүстэйгээ эргэж холбоотой ажилладаг. Гадаадаас бид ямар бүтээгдэхүүн авч байгаагаа мэдэхгүй. Ямар нөхцөлд хэрхэн яаж ургуулж байгааг мэдэхгүй газраас авч хавдар болон олон төрлийн өвчин худалдан авч байна гэв. 

Иймээс өөрийн орны нар, салхиар бордсон цэвэр алим жимсээ өөрсдөө тарьж ургуулж байх шиг сайхан зүйл байхгүй гэдгийг онцлсон. 


Алим бол нар, салхины нөлөөгөөр өөрөө ургадаг онцлогтой ажээ. Манайхны ихэвчлэн тарьдаг бэсрэг алим нь 40-80 гр ургадаг байна. Анхнаас нь тандалт тайралтаа маш зөв хийх бөгөөд жил бүр хийх ёстой аж.

Мөн энэ үеэр Ховд аймгийн Булган голын Торниун, Бэсрэг зэрэг алимын модны худалдаа зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ