“Defender 23” цэргийн сургуулилалт Европт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-23 11:50:55

БРЮССЕЛЬ. /AP/. НАТО-гийн холбоотнууд, түншүүдийн “Defender 23” олон үндэстний цэргийн сургууль бямба гарагт Европт эхэллээ. 


Дөрөвдүгээр сарын 22-ноос зургаадугаар 23-ны хооронд явагдах уг сургуулилалт нь АНУ болон НАТО-гийн холбоотнууд хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх, Европ дахь Америкийн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний байлдааны хүчин чадлыг хурдацтай нэмэгдүүлэх зорилготой гэж сургуулилалтыг удирдан явуулж буй АНУ-ын Зэвсэгт хүчний Европын командлал мэдээлжээ. 


Сургуулилалтад НАТО-гийн гишүүн болон түнш 26 орны 9000 орчим америк, 17000 орчим европ цэргүүд оролцож байна.

Европын 10 орны нутаг дэвсгэрт зохион байгуулах “Defender 23” сургууль нь "АНУ-ын Зэвсэгт хүчний холбоотнууддаа дэмжлэг үзүүлэх, энх тайванд аюул занал учруулж буй хүмүүсийг таслан зогсоох, Европ тивийг түрэмгийллээс хамгаалахын тулд байлдааны цэрэг, техникийг Европт шуурхай байрлуулах чадварыг харуулах зорилготой" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх урьд нь онцолж байв.


Эдгээр зорилгоор АНУ-аас 70 мянга орчим нэгж цэргийн техникийг Европт шилжүүлэн байрлуулжээ. Үүнээс гадна, Европ дахь Америкийн зэвсгийн агуулахад хадгалагдаж буй 13 мянга орчим нэгж цэргийн тоног төхөөрөмж оролцож байна.


Холбоотой мэдээ