Олон улсын цар тахлын сангийн буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-21 14:11:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын судалгааны хүрээнд Дэлхийн банкны ХАА-н ахлах эдийн засагч, төслийн багийн ахлагч ноён Ситарамачандра Махиражу тэргүүтэй техникийн ажлын хэсэг энэ оны 4 дүгээр сарын 17-24-нд Улаанбаатар хотод ажиллаж байна.


Ажлын хэсэг нь Олон улсын цар тахлын сангийн буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулах зорилготой юм. Түүнчлэн, ХХААХҮЯ-нд ажиллахдаа, “Цар тахлын бэлэн байдлын бодлого, институтчлэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбар хоорондын зохицуулалт” зөвлөгөөнийг хамтран зохион байгуулав.


Олон улсын цар тахлын сангийн 25 сая хүртэлх ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл нь тухайн улс оронд учирч болох цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангах, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэдэг. Энэ дэмжлэгийг авахын тулд тухайн улсын Засгийн газар 1:2 харьцаагаар оролцооны санхүүжилт гаргах эх үүсвэрийг шийдсэн байх шаардлага тавьдаг байна. Үүнийг шийдэхийн тулд ХХААХҮЯ нь Сангийн яамтай зөвшилцөж, “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төслийг Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас одоо хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх (МААЭЗЭН) төслийн дүнд бий болгосон үр дүнд суурилан хэрэгжих юм. МААЭЗЭН төсөл нь малын халдварт өвчний тандалтын тогтолцоог боловсронгуй болгох, оношилгооны чадавхыг дээшлүүлэх, салбарын хүний нөөцийг чадваржуулахад чиглэжээ. Мөн шүлхий өвчинтэй тэмцэх шинэ стратеги хэрэгжилтэд дэмжиж 6.5 сая тун вакцин нийлүүлсэн аж.  


Цар тахлын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн санал боловсруулахдаа “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны тогтоолоор баталсан хөтөлбөрт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байгаа.  Иймд энэ төсөл нь Монгол Улсын цар тахлаас сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төдийгүй хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд чухал хувь нэмэр оруулахыг ХХААХҮЯ мэдээллээ. Зөвлөгөөнд Сангийн яам, ХХААХҮЯ, МЭЕГ, Дэлхийн банк, НҮБ-ын ХААБ, ДЭМБ болон бусад түнш байгууллагын төлөөлөл оролцжээ. 

Холбоотой мэдээ