Д.Руссефф өргөөгөө орхин явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-07 11:40:41

БРАЗИЛИА. /АР/. Бразилын Ерөнхийлөгч асан Дилма Руссефф нийслэл Бразилиа хот дахь өргөөгөө орхин явжээ. Түүнийг Бразилын Сенатын танхим өнгөрсөн долоо хоногт албан тушаалаас нь бүрмөсөн огцруулсан билээ.

Дэмжигчид болон хамт ажиллаж байсан хүмүүс нь Д.Руссефийг Алворада ордноос үдэж, зарим нь түүнд цэцэг өгч байв.

Хатагтай Д.Руссефийг төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр албан тушаалаас нь бүрмөсөн огцруулсан юм. Харин тэрбээр “би ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж хэлээд, албан тушаалаас нь огцруулсныг “төрийн эргэлт” гэж тодорхойлж байна.

Түүнийг дэмжигчдийн нэг болох 56 настай Сесилия Монтейро “маш харамсалтай байна. Энэ улс орон яг л өнчрөн үлдэж байгаа юм шиг санагдаж байна” гэж ярив.

Д.Руссефф өөрийн төрөлх нутаг болох Бразилын өмнөд нутгийн Порту-Алегри хотод нисэх онгоцоор очиход дэмжигчид нь халуун дотноор угтан авсан байна.

Сенатын танхим  санал хураалт явуулан түүнийг огцруулснаас хэдхэн цагийн дараа дэд Ерөниийлөгч Мишель Темер ерөнхийлөгч болсноор зүүний төвч үзэлт Хөдөлмөрийн намын 13 жилийн давамгайлалд цэг тавьсан юм. Д.Руссеффийн ерөнхийлөгчийн алба хаших үүрэгт хугацаа дуусах хүртэл буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл М.Темер Бразилын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ.  

Сенатын танхимын шийдвэрийг Д.Руссефф эсэргүүцэн Дээд шүүхэд давж заалдаад байгаа боловч амжилт олох магадлал маш бага гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ