"Хүнсний хувьсгал" ба монгол малын махыг дэлхийн брэнд болгох боломж

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-04-17 16:50:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр хүнсний эрүүл ахуйд онцгой анхаарал хандуулах болсон энэ үед манай улс ч мөн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн. Нэг үгээр хэлбэл одоо “Хүнсний хувьсгал” орон даяар өрнөж байгаа юм. Тэгвэл энэ хувьсгалаар дамжуулан монголчууд бидэнд өөрийн брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд хүргэж авах нэгэн гарц нээлттэй байна.

 

Монгол малын мах - Монголын брэнд бүтээгдэхүүн

Ерөөс аль ч үеийн төр засгийн бодлогын амин чухал хэсэг нь хүн амыг чанарын баталгаатай, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлт, ариун цэврийн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангах явдал байдаг. Энэ ч утгаараа хүн амыг эрүүл хүнсний хэрэглээтэй болгохын зэрэгцээ Монголд үйлдвэрлэсэн чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гардаг болгоход төрийн бодлого чиглэх болсон нь нэгэн талын ахиц.

Манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай нэг гол бүтээгдэхүүн бол монгол малын мах. Өөрөөр хэлбэл, Монголын брэнд хүнс бол мах юм.

Бэлчээрийн маллагаатай монгол малын мах нь хүний бие махбодын биохими, физиологийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай шим тэжээлт бодисуудыг агуулсан холестерин багатай, хүнд металл, цацраг идэвхт бодис, эм бэлдмэл, пестицидийн бохирдолгүй болохыг тогтоосон байдаг. Монгол малын махан дахь эмгэг төрөгч нянгийн тоо бусад орныхоос харьцангуй бага юм гэдгийг шинжилгээ судалгаагаар тогтоосон байдаг.


Мөн бэлчээрийн мал болон суурин маллагаатай малын махны ялгаа, монгол малын махны өвөрмөц онцлог зэргийг судалсан эрдэмтдийн судалгаа олон бий. Экологийн харьцангуй цэвэр орчинд бэлчээрээр бойжиж тарга хүчээ авдаг монгол малын махны үнэт чанар өндөр гэгддэг. Харин үүнийгээ гадаадын зах зээлд таниулж алдаршуулах, өрсөлдөх чадвартай болгох нь бидний хүчин чармайлтаас шалтгаалах зүйл. Хэдийгээр үндсэн бүтээгдэхүүний үнэт чанар нь байвч дэлхийн зах зээлд гаргаж, дэлхийн брэнд болгоход стандартын шаардлага хангадаггүй сул тал байна.


Зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн хүмүүсийн хүнсний гол хэрэглээ болсон бүтээгдэхүүн бол мах, махан бүтээгдэхүүн. Тиймээс малын махны чанар, аюулгүй байдалд анхаарал хандуулах нь аль ч улс оронд хүнсний аюулгүй байдлын нэгдүгээрх асуудал. Манай улсын хувьд малын махны шинжилгээг нарийвчлан хийдэг болох, хүнсний зах, дэлгүүрүүдийн лабораторийн чадавх хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжлийнхэн байнга сануулдаг.


                                            

Монгол малын махны үнэт чанарыг дээшлүүлэх нь


Энэ салбарт бизнес эрхлэгчид махаар нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргавал уул уурхайгаас ч илүү ашиг өгөх боломжтой байна ч гэдэг.

Монгол Улс 70 гаруй сая толгой малтай атлаа үүнийгээ бизнесийн гол салбар болгож чадалгүй өдий хүрсэн. Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж мах боловсруулах үйлдвэрт тогтмол бэлтгэн нийлүүлдэг тогтолцоонд шилжих, олон улсын зах зээлд нэмүү өртөг шингээсэн мах махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдүүлэх нь гол зорилго боловч олон саад бэрхшээл учирч байгааг салбарынхан учирладаг.


Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ОХУ, БНХАУ, Вьетнам, Иран зэрэг цөөн оронд бага хэмжээгээр бүтээгдэхүүн гаргаж буй. Гэвч хил, гаалийн татвар хураамж өндөр гэх зэргээс өгсүүлээд тулгамддаг олон асуудал байдаг байна. Тухайлбал, БНХАУ руу мах гаргахад өндөр шаардлага тавьдаг, Вьетнам руу мах гаргахад нутгаар нь дамжуулан өнгөрүүлэхийн тулд БНХАУ-аас 3-аас доошгүй сарын өмнө зөвшөөрөл хүсдэг зэрэг олон бэрхшээл байдгийг салбарын үйлдвэрлэгчид хэлдэг.


Дэлхийн улс орнуудаас хүн ам олонтойн хувьд БНХАУ махны хэрэглээгээрээ эхэнд бичигддэг. Харин Европ болон Хойд Америкийн бүс нутаг дахь махны хэрэглээ олон жилийн туршид тогтвортой байсаар ирсэн. Тэгэхээр манай улсын хувьд дотоод дахь хүнсний хувьсгалаараа дамжуулан мах, махан бүтээгдэхүүний экспортод анхаарал хандуулбал ашиг хүртэх том боломж байна.  


Мах экспортлохын тулд эхлээд импортлох улсынхаа шаардлагыг судлан, түүнд нийцсэн бүтээгдэхүүн боловсруулах ёстой. Монгол махны экспортын 95 хувь нь Хятад руу гардаг бөгөөд тус улс дотоодын хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах болсон. Тиймээс Хятад улсын тавьж буй стандартыг хангаж чадвал бусад оронд ч махаа экспортлох боломжтой гэсэн үг. Монгол малын махны чанар, эрүүл, аюулгүй байдлыг олон улсын стандартад хүргэх, үйлдвэрлэлээ тэр түвшинд хүргэж чадвал зах зээл нь хангалттай том байна. Хэрэв олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц хэмжээнд үйлдвэрлэл явуулаад эхэлбэл жинхэнэ утгаараа "Хүнсний хувьсгал" болж чадах юм.

 

Өнөөгийн нөхцөл байдал ба шийдэх асуудлууд


Мах, махан бүтээгдэхүүн нь мууддаг, амьд организмыг амархан байрлуулдаг бүтэцтэй тул хүнсний бүтээгдэхүүний дунд хамгийн их анхаарал хандуулдаг бүтээгдэхүүний бүлэгт тооцогддог.

Манай улсын хувьд экспортод адууны махыг голчлон гаргадаг нь битүү туурайтай, өвчинд өртөх нь бага байдагтай холбоотой аж. Бусад мал шүлхий, боом, цэцэг зэрэг өвчинд өртөмтгий учраас гадны орнууд эрүүл бүсээс өндөр шаардлага тавьж авдаг. Тэр шаардлагыг л бүрэн биелүүлэх хэмжээнд очтол үйлдвэрлэлээ хөгжүүлэх явдал чухал байгаа юм. Ялангуяа манайх нүүдлийн мал аж ахуйтай орны хувьд малын өвчин тархах, тэр нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл байнга дагаж явдаг нэг том бэрхшээл бий.


Түүнчлэн махны нийлүүлэлт улирлын чанартайгаар ихсэж багасдаг, үүнийгээ дагаад үнэ нь хэлбэлздэгээс сэргийлэх үүднээс нөөцийн мах бэлтгэдэг. Ийн удаан хадгалагдаж, жин, чийглэг, чанараа алдан хэрэглэгчдийн аюулгүй хэрэгцээг хангахгүйд хүрэх нь элбэг. Монголчуудын махны хэрэгцээний 90 хувийг гар аргаар төхөөрсөн мах эзэлдэг. Тиймээс мах махан бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлыг бүрэн шийдсэн, хөргөх төхөөрөмж бүхий орчин үеийн төрөлжсөн худалдааны төвийг нийслэлийн зүүн, баруун талд байгуулах асуудал яригдаж байгаа.


Өнөөдрийн байдлаар Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ба тэдгээр нь хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа мэдээ бий. Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй махны үйлдвэрүүдэд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй урт хугацааны зээлийн дэмжлэг үзүүлэх зэргээр төрийн зүгээс бодлогоор анхаарах нь эдийн засаг солонгороход багагүй нөлөө болж өгөх юм. Үйлдвэрүүдээ чадваржуулж, экспортын зах зээлийг нь өргөжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Мөн мах бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох гэх мэт олон асуудал шил дарж буй.                                                

Ер нь аль ч улс оронд мах, махан бүтээгдэхүүн бол хамгийн чухал хүнсний эхэнд бичигддэг, илчлэг, өөх тос, уураг, олон төрлийн аминдэмээр баян хүнс. Сүүлийн хагас зуун жилд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдсэн, хүнсний хэрэглээ, тэр дундаа мах махан бүтээгдэхүүний хэрэглээ гурав дахин өссөн гэсэн тоо бий. Мөн жил бүр хагас тэрбум толгой хонь хүнсний хэрэгцээнд явдаг байна.


Мах, махан бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн ширээнд хүрэх хүртэл үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт болон бусад олон үе шатыг дамждаг бөгөөд эдгээр үе шатанд маш эмзэг байдаг. Тийм учраас маш сайн хяналт хамгаалалттай байх ёстой. Мал төхөөрөхөөс эхлээд тээвэрлэлт, борлуулалтын гэх мэт хэрэглэгчдэд хүрэх хүртэлх бүх шат дамжлагын явцад гарах бохирдол гэмтлээс хамгаалах, хяналт тавих нь юу юунаас илүү чухал. Яг өнөөдрийн тухайд нийтийн эрүүл мэндийг хамгаалж "Хүнсний хувьсгал" хийхийн далимд өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, монгол малынхаа махны үнэ цэнийг дээшлүүлж авах боломж монголчуудад байна.  

Холбоотой мэдээ