“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй холбоотой 8 хэргийг шүүхэд хянаж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-14 16:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэлдээ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессыг хүчингүйд тооцож төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргасан. Мөн тус үйлдвэрийн 2014-2021 оны үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас хамтарсан хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, нийт 1,3 их наяд төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Дээрх хяналт шалгалтын дүнтэй холбогдуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай холбоотой нийт найман хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж байгааг дурдсан.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэр цаашид бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тодруулахын зэрэгцээ уурхайн сул зогсолтын улмаас ажилчид нь цалин, орлогогүй болсон талаарх иргэдийн гомдлыг уламжилж байлаа. Мөн Засгийн газраас төр бизнесийн үйл ажиллагаа явуулах хүрээ хязгаарыг хумих, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталж буй эсэх талаар илүүтэй лавлаж байв. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав хариултдаа "Тус үйлдвэр 2022 оны дөрөвдүгээр сард төрд шилжсэнийг дурдаад, одоогийн байдлаар 1524 ажилтан ажиллаж байгаа бөгөөд цалинг нь 38 хувиар нэмээд байна. Дундаж цалин ойролцоогоор 2 сая гаруй төгрөг. Нэг удаа ч цалин, орлого тасраагүй, улмаар хоёрдугаар сарын сүүлээр 13 дахь цалин өгсөн. Сул зогсолтод 280 хүн байна. Өмнө нь оргил үед 564 хүн сул зогсолтод байсан. Өнгөрсөн жилийн байдлаар есөн сар хүртэл сард 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол аравдугаар сард би ажлаа авснаас хойш оны эцэст 1.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Оны эхний улиралд хамгийн багадаа долоон тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна” хэмээн хариулав.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариултдаа, төр бизнесийн үйл ажиллагаанаас богино хугацаанд татгалзах нь Засгийн газраас баримталж буй гол бодлого гэдгийг тэмдэглэв. Мөн  тэрбээр “Өнөөдөр төрийн өмчит хязгаарлагдмал болон хувьцаат компани, газар зэрэг нийт 119  байгаагийн 107 нь нийслэлд, 22 нь дүүргүүдэд байна. Засгийн газар энэ онд эдгээр төрийн өмчит болон орон нутгийн өмчит газруудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгэж, цөөлөх бодлого баримтална. Түүнчлэн зайлшгүй төрд байх шаардлагагүй компаниудыг татан буулгах ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний тооцоолсноор 30-40 хувиар тоог нь цөөрүүлэх, улмаар компанийн засаглалыг сайжруулах, төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог болох зэрэг ажлыг эрчимтэй явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Монголын төр жилдээ 12 орчим их наяд төгрөгийн худалдан авалт хийж байгаагийн 7 орчим нь төрийн өмчит компаниудын үйлдвэрлэлтэй шууд холбогдож байгаа учраас үүнийг хувийн хэвшилд шилжүүлэх ажил байна” хэмээв.  

Холбоотой мэдээ