Их Британийн Худалдааны элч "Талын метал нунтаг" ХХК-д зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-14 12:39:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, тус улсын Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кочински, ЭСЯ-ны Уул уурхай, дэд бүтэц хариуцсан дарга А.Элбэгсайхан нар 4-р сарын 10-ны өдөр “Талын метал нунтаг” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.


“Талын метал нунтаг” ХХК нь Ази, Европын орнуудад хэрэглэгч, түнш, нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн өргөн сүлжээтэй, экспортод чиглэсэн нунтаг төмөрлөгийн үйлдвэр бөгөөд Их Британи, ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглаж зэс, гууль, хүрэл метал нунтаг үйлдвэрлэдэг юм.


Уулзалтын үеэр тус үйлдвэрийн төслийг дуусгахад Британи ба Монголын аж ахуйн нэгжүүд хэрхэн хамтарч ажилласан тухай болон цаашид ямар хамтын ажиллагааны боломжууд байгаа талаар санал солилцжээ. Их Британийн Худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кочински, Элчин сайд Филип Малон нар тус компанийн хамт олны цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөв.


Холбоотой мэдээ