СӨХ-ны тухай хуулийг шинэчлэн найруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сууц өмчлөгчдийн холбооны, 2003 онд баталсан эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүллээ.
Хуулийн төсөлд иргэд, СӨХ, холбогдох талуудын
саналыг хүлээн авч тусгах нь чухал учир www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан
санал хүлээн авч байна.
Энэ хуулийг
шинэчилснээр иргэдийн эрүүл,
аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, хяналтын тогтолцоог сайжруулах,
нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг
хангах, орон сууцны дундын
өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах юм. Мөн оршин суугч, иргэд, СӨХ-ны харилцан уялдааг хангах, СӨХ-дын эрх зүйн байдлыг тодорхой,
ойлгомжтой болгох, тэдгээрт хуулийн этгээдийн эрх олгож, хууль, эрх зүй, эдийн
засаг, санхүүгийн харилцаанд оршин суугчдынхаа эрх ашгийн хамгаалан оролцох
боломжийг бүрдүүлэх, нийслэл,
дүүргийн удирдлагаас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр СӨХ-дын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, хянах эрх
зүйн орчин бүрдэх аж.
Улаанбаатар
хотод үйл ажиллагаа явуулж буй СӨХ-дыг
зохион байгуулалтад оруулж хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, үл
ойлголцлыг зохицуулахаар хуулийн
төсөл боловсруулах ажлын
хэсэг байгуулсныг Нийслэлийн ЗД-ын Захиргаа, хууль эрх зүйн
асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тэмдэглэв. Тэрбээр “СӨХ-ны
үйл ажиллагаатай холбоотой асуудал цөөнгүй гардаг. Тухайлбал, нийт СӨХ-ны 307
нь орчны газраа ашиглах тухай гэрээ байгуулсан. Олон СӨХ орчноо иргэддээ зориулж тохижуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулахад учир дутагдалтай ажилладаг. Мөн барилгын
компаниуд орон сууц барьж ашиглалтад оруулчихаад СӨХ-гоо иргэдэд шилжүүлдэггүй, нөгөө талаас оршин суугчид СӨХ-ны
төлбөрөө олон сараар төлдөггүй асуудал ч бий. Эдгээрийг шийдэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй
байгаа” гэв.
Нийслэлд амьдарч буй 400 мянган өрхийн тал
хувь нь нийтийн орон сууцанд аж
төрдөг байна. Эдгээр барилгын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон
байгууламж, аюулгүй байдал, дундын өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой
асуудлыг тухайн орон сууцны СӨХ хариуцдаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд
нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын ашиглалт, үйлчилгээг 1437 СӨХ, 124 мэргэжлийн байгууллага
хариуцаж байв.