ЗАВХАН: Он гарснаас хойш 13 удаагийн объектын түймэр бүртгэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-07 15:52:41

Улиастай /МОНЦАМЭ/. Хуурайшилтын үе ирсэнтэй холбоотой иргэд, байгууллагуудад обьектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай анхааруулгыг аймгийн Онцгой байдлын газраас өглөө.


Завхан аймгийн тухайд, он гарсаар 13 удаагийн обьектын түймэр бүртгэгдсэн. Эдгээр түймрээс болж 165 сая төгрөгийн хохирол, иргэн, аж ахуйн нэгжид учирч, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан 687 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Бүртгэгдсэн түймрийн шалтгаан нөхцөл нь иргэд, аж ахуйн нэгжийн анхаарал болгоомжгүй байдлаас үүссэн байна. 


Өнгөрсөн онд Завхан аймгийн хэмжээнд 48 удаагийн объектын гал түймэр гарсныг өмчийн хэлбэрээр нь ангилбал төрийн өмчид нэг, аж ахуйн нэгж, байгууллагын өмчид нэг, харин хувийн өмчид 46 удаа гарсан байна.

Эдгээр гал түймрийн улмаас аж ахуйн нэгж, иргэдэд 426,2 сая төгрөгийн хохирол учирч, гал түймрээс 1,373 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


Харин аймгийн хэмжээнд нийт таван сумын нутаг дэвсгэрт найман удаагийн ой, хээрийн түймэр гарч 6,812.3 га ой, 133 га бэлчээрийн талбай шатсан байна. Ой хээрийн түймрийн улмаас байгаль экологид 3.852.160.569 төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 144.305.121 төгрөгийн зардал гарчээ. 

Түймэр бол иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гарч байна. Түймрийн улмаас асар их хохирол учирдаг. Онцгой байдлын газарт бүртгэгдсэн объектын түймэр нэмэгдсэнтэй холбоотой. Түүнчлэн хуурайшилтын үе ирсэнтэй холбоотой иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байнга өгч байна.


“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.


Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх. Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх.

Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх. Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах. Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх. Ялангуяа айлууд хашаандаа хог, өнжмөл өвс шатаах явдал их байна.

Түүнчлэн шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг ахуйн болон ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг зөвлөж, анхааруулж байна.


Түүнчлэн объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, гэртээ цоожилж үлдээхгүй байх, аюулгүй орчныг бүрдүүлэх. Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Завхан аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.


Холбоотой мэдээ