Д.Амарбаясгалан: “Шүүр” ажиллагааны хүрээнд 6000-8000 хүний асуудлыг ярих нөхцөл бүрдсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албанаас чөлөөлөгдөж болзошгүй 6000-8000 хүний асуудлыг ярих нөхцөл бүрдсэн” хэмээн мэдэгдэв.
Тэрбээр цааш ярихдаа “Цар тахлын хуулийн хэрэгжилт энэ оны нэгдүгээр сарын нэгнээс зогссон. Ингэснээр төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын 2000 орчим албан тушаалтан, албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ эдгээр албан хаагчид Төрийн албаны шалгалт болон бусад шаардлагатай шалгалтад хамрагдсаны үндсэн дээр эргэн жинхлэх боломжтой. Хоёрдугаарт, 2023 оноос эхлэн гавьяаныхаа амралтад гарсан иргэн төсвөөс цалинжихгүй байх зохицуулалттай. Өнөөдөр 5000 орчим хүн тэтгэвэр авахын зэрэгцээ төрийн албанд ажиллаж байна. Гэхдээ хөдөө орон нутагт боловсон хүчний нөөц хомсдолтой нөхцөл байдлын улмаас аргагүйн эрхэнд ажиллуулж байгаа тал бий. Үүний хажуугаар онцын шаардлагагүй орон тоон дээр төрөөс давхар цалинжиж байгаа зааг ялгааг нь цэгцэлнэ. Иймд энэ тал дээр ажиллаж, хуулийн зохицуулалтыг хийх нь зүйтэй юм.
Төрийн албаны тухай хуулиар ажлаас чөлөөлөгдөх албан хаагчид нэг сарын өмнө мэдэгдлийг хүргүүлдэг. Гэтэл ЗГХЭГ-ын даргын гарын үсэгтэй албан бичгийг үндэслэн ажлаас нь чөлөөлж, хуульд зөрчин шүүх хяналтын байгууллагаар асуудлыг шийдүүлэх гэсэн сонирхлыг бий болгож байна. Энэ тал дээр бүх шатанд анхаарч ажиллах шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас хууль зөрчиж томилогдсон мэргэжлийн бус төрийн албан хаагчдыг чөлөөлж, төрийн албыг цэвэрлэх ажиллагааг урьтал болгож байна. Сонгуулийн үр дүн яаж ч гарсан төрийн алба баталгаатай мерит байх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн алба төрийн бодлогыг ард иргэдэд хүргэдэг байх үндсэн үүргээ бүрэн төгс хэрэгжүүлдэг байх ёстой” гэв.