АНУ-д бактерийн эсрэг үйлчилгээтэй саван худалдахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-05 16:30:50

ВАШИНГТОН. /VOA/. Америкчууд бактерийн эсрэг үйлчилгээтэй саван маш ихээр хэрэглэдэг. Харин даваа гарагт АНУ-ын Хүнс болон эмийн асуудал эрхэлсэн газраас (the FDA) уг савангийн найрлагад ордог 19 химийн бодисыг хэрэглэхийг хоригложээ.

Эдгээрийн химийн бодисуудыг агуулсан саванг зах зээлд нийлүүлэх боломжгүй болсон шалтгаан нь уг саван нь халдвараас урьдчилан сэргийлэхэд энгийн саван болон уснаас илүү үр дүнтэй бөгөөд өдөр тутмын хэрэглээнд аюулгүй гэдгийг нотолж чадаагүйд оршино” гэж FDA-гаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Дээрх хориг нь 19 химийн элементийн аль нэгийг нь найрлагадаа оруулсан бүх саванд хамаарч байгаа ажээ.  Тухайлбал, шингэн савангийн найрлагад ордог "триклозан" болон  шахмал саванд байдаг "триклокарбон"  гэдэг бодис багтсан байна.

Зарим саван үйлдвэрлэгчид эдгээр бодисыг хэрэглэхээ аль хэдийн больсон гэж FDA мэдэгджээ. “Хэрэглэгчид бактерийн эсрэг саван нь илүү үр дүнтэй гэж бодож байж магадгүй. Үнэндээ бол эдгээр савангууд нь энгийн савангаар эсвэл усаар  угааснаас илүү үр дүнтэй биш болох нь тогтоогдсон, зарим тохиолдолд эдгээр савангууд нь удаан хэрэглэх явцад сөрөг нөлөөтэй болох нь ажиглагдсан" гэж FDA-гийн Эмийн үнэлгээ, судалгааны төвийн /CDER/ захирал Жанет  Вүүдкок ярьж байна.

Харин бактерийн эсрэг гарын алчуур, гар ариутгагч шингэн болон бусад бүтээгдэхүүнүүд дээрх хоригт ороогүй ажээ.

2013 онд FDA-гаас эдгээр химийн элементүүдийг агуулсан саван нь бактерийн эсэргүүцэл болон дааврын нөлөөг үүсгэдэг учраас эрүүл мэндэд эрсдэлтэй тул худалдаалахыг хориглох тухай саналыг хүргүүлж байжээ. 

Энгийн саван болон цэвэр ус нь нян тархахаас сэргийлэх хамгийн сайн арга гэж FDA үзэж байгаа бол АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв 60 хувийн спиртний найрлагатай гар ариутгагч шингэнийг хэрэглэхийг зөвлөж байна.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ