ЗАВХАН: Иргэд гар утсаараа дамжуулан төсвийн хөрөнгө оруулалтад санал өгөх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-05 14:49:42

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэх төсөл үргэлжилж байна.

Төсвийн ил тод байдлыг хангах, иргэдэд төсвийн талаарх мэдээллийг энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилготой Завхан аймгийн иргэдийн төсөв 2023 эмхэтгэлийг танилцууллаа.

Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслүүдийн талаарх шаардлагатай мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх. Шинээр хэрэгжүүлэх төсөлд иргэд хэрхэн санал өгөх, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. Улмаар иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн Сангийн яамны улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын систем болох www.publicinvestment.gov.mn болон гар утасны аппликейшнийг танилцуулсан юм.


Дээрх мэдээллийг авах хамгийн энгийн шуурхай арга бол гар утсандаа дээрх аппликейшнийгг суулган Завхан аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй танилцах. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өөрийн аймаг болон сумандаа хийх үйл ажиллагаануудтай танилцаж иргэн бүр саналаа илгээх боломжтой аж.



Завхан аймгийн иргэдийн төсөв 2023 эмхэтгэлийг аймгийн Засаг дарга, ЗДТГ, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй MASAM-II төсөл болон төслийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж буй Оюунлаг таны туслагч, Өрнөх сүлжээ, Ахмад мэргэжилтний холбоо ТББ байгууллагууд хамтран боловсруулж, олон нийтэд товхимол болон цахим хэлбэрээр хүргэж эхэлжээ.


“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төслийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй юм. Төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байна.



“Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалт, хэлэлцүүлгийг Завхан аймагт төрийн байгууллага, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан нийт дөрвөн удаа, нөлөөллийн ажлыг долоон удаа явуулжээ


Сургалтын хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлын зорилго нь төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх юм. Уг зорилгын хүрээнд төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах дөрвөн модуль сургалтаас гадна “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг бэлтгээд байгаа аж.



МАСАМ II төслийг хамтран хэрэгжүүлэгчээр Дэлхийн Зөн ОУБ ажиллаж, 12 аймгийн 25 төрийн бус байгууллагаар дамжуулан төслийг хэрэгжүүлж буй юм. Завхан аймгийн тухайд уг төслийг “Өрнөх-хөгжил”, “Ахмад ажилтны холбоо”, “Оюунлаг таны туслагч” гэсэн гурван төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байна.  


Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төслийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн төсвийн ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах зорилгоор Завхан аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сумдад ажлын баг томилон ажиллуулж байна.



Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр иргэд, олон нийт төсөв, хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн үйлчилгээний талаарх шинэлэг мэдээллийг авч, ил тод байдал хангагдан иргэдийн оролцоог хангах ач холбогдолтой юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажилд иргэдээс санал авдаг болсон. Иргэн Та өөрийн харьяа нутаг дэвсгэртээ хийлгэх саналтай байгаа төсөл арга хэмжээний саналаа хаанаас ч өгөх боломжтой.

Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсвөөр орон нутагтаа хийж хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаанд гар утсаа ашиглан 4-р сарын 10 хүртэлх хугацаанд саналаа өгөх боломжтой юм. 



Холбоотой мэдээ