ГОВЬ-АЛТАЙ: "Түмний манлай" төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-06 17:08:30

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээнээс Алтай нутагтаа "Түмний манлай" төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. 


“Хантайшир” бөхийн дэвжээ, оюутан, залуучуудын “Ирээдүй Алтай” холбоо хамтран “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийг амжилттай хэрэгжүүлж, үүний хүрээнд Алтай хотод Өсвөрийн тамирчдын спорт, сургалтын төвийг байгуулсан билээ. Үүний сацуу "Хантайшир" бөхийн дэвжээнээс шинэ залуу бөхчүүдийг бэлтгэн гаргах зорилгоор "Түмний манлай" төслийг Алтай нутагтаа хэрэгжүүлж буй юм.


Тэгвэл Алтай хотод өсвөрийн тамирчдын Хантайшир сургалтын төвд хичээллэж байгаа сурагчид Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн хоёр жил идэвхтэй оролцож чамгүй амжилт үзүүлсээр байна. Тухайлбал, 2022 онд охидын баг хоёрдугаар байр эзэлж байсан бол өнөө жил охидын баг нэгдүгээр байр, хөвгүүдийн баг хоёрдугаар байр эзэлж Хантайшир бөхийн дэвжээ Улсын аварга баг болжээ. 

Энэ жилийн Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл, аймгууд, спорт хороодын 30 баг, 480 тамирчин өрсөлдсөнөөс Алтай хүүхдүүд өнгөлж багаараа аваргалж, бэлтгэсэн дасгалжуулагч багш Х.Магвандорж "Шилдэг дасгалжуулагч"-аар шалгарсан юм.

Тэмцээний үеэр "Макс" группээс медаль хүртсэн өсвөрийн тамирчдад уламжлал болсон урамшууллаа гардуулав. Тодруулбал, тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчин тус бүрт 600 мянган төгрөг, мөнгөн медаль 400 мянга, хүрэл медаль 300 төгрөгийн урамшуулал олгожээ.



Сонирхуулахад, “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийн хүрээнд Алтай хотод барьсан "Өсвөрийн тамирчдын спорт сургалтын төв"-д 200 гаруй хүүхэд тогтмол хичээллэж байна.

Холбоотой мэдээ