Г.Тэмүүлэн: Барьцаа хөрөнгө байршуулахгүйгээр барилга барьж, орон сууц авдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-04 15:00:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга барихын тулд таван жилд 2.3 их наяд, жилд 500-700 тэрбум төгрөгийг банканд царцааж байгааг шийдэхийн тулд даатгалын баталгаат үйлчилгээг шинээр нэвтрүүлэх хэрэгтэй. Даатгал, барилгын компаниудын төлөөлөл удахгүй санамж бичигт гарын үсэг зурснаар барьцаа баталгаа хөрөнгө байршуулах шаардлагагүй болохыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Барилгын салбарын сэргэлт” хурлын үеэр онцоллоо.


Барилгын тендерийн баталгааг өнгөрсөн оны намраас 0,5 хувь, гүйцэтгэлийн баталгааг 3 хувь болгосон ч нэг тэрбум төгрөгийн өртөгтэй барилга барихын тулд 60 сая төгрөг банкны барьцаанд тавьдаг аж. Харин даатгалын шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр царцаагаад буй энэ мөнгөө 20-30 хувиар хямд даатгах боломжтой болно. Түүнчлэн иргэд 100 сая төгрөгийн орон сууц авахын тулд заавал 27-30 сая төгрөг байршуулдгийг болиулж, даатгалын 5 жилийн хураамж үйлчилгээгээр байр авах боломж бүрдүүлнэ. Сүүлийн 30 жилд манай улсын санхүүгийн зах зээлийн 90 хувийг банк бүрдүүлж байгааг өөрчилснөөр банкууд давуу эрхтэй байхаа болино гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.


“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас зохион байгуулсан тус хурллаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй аж ахуйн нэгжүүдэд ямар саад бэрхшээл тулгараад байгааг хэрхэн ярилцаж, тодорхой шийдэлд хүрэхийг зорьж байна. Цар тахлаас улбаатай үр дагавар, үнийн өсөлт зэрэг нь салбарын компаниудад хэрхэн нөлөөлж байгаа талаар хуралд оролцогч “Цагаан бөлбөө” ХХК-ийн захирал Ц.Цэндхүү, “Манай компани Ховд аймгийн Цэцэг суманд сургууль, цэцэрлэгийн барилга барьж байгаа. 2020 онд 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй баригдана гэсэн барилга өнөөдөр үнийн өсөлтөөс 2 тэрбум төгрөг давчихаад байгаа”-г учирлалаа. “Навтгар хайрхан” ХХК-ийн захирал Ч.Наранбаатар, “Өдийд барилгаа бариад талбай дээрээ байж байх ёстой бид цар тахлын дараах үнийн өсөлт, төр засгийн буруу шийдвэрийн улмаас энд цуглаад байна. Миний хувьд 2.5 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт тусгасан барилгын ажлыг банкнаас 800 сая төгрөгийн зээл авч эхлүүлээд байхад намар нь төсвийн тодотголоор санхүүжилтийн 70 хувийг танаж, 600 сая төгрөг орж ирснийг татвар, банкны зээлийн өрөнд өгсөн. Тухайн жилд ажил авсан компаниуд төсвөө 70-80 хувиар тануулсны дараа 2 жил дараалан барилгын материалын үнэ 5-8 дахин нэмэгдсэнээр ихэнх нь өрөнд орж, алдагдал хүлээгээд байна. Энэ байдлаас ямар арга замаар гарах боломжтойг олноороо ярилцаж шийдэх нь чухал байна. УИХ-д тодорхой санал шийдэл хүргүүлье” хэмээв.


Харин БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаа энэ үеэр ярихдаа, “Бид мөнгөнөөс илүүтэй барилгын чанарыг ярих хэрэгтэй байна. "Барилгын салбарын сэргэлт" сэдэвт төсөв, чанар хамт явах ёстой. Төсвийн тодотголоор санхүүжилтийн 70-80 хувийг танасан нь тухайн цаг үед иргэдийнхээ эрүүл мэнд, хоол хүнсийг эн түрүүнд бодох зүй ёсны шаардлага байсан. Барилгын зураг төсөл, тендер хэрхэн зөв явах ёстойг тодорхой болгож, захиалагчийн бичиг баримтыг нарийн зааж өгнө. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгад стандартын шаардлагыг чанд мөрдүүлдэг болно” гэсэн юм.


2023 онд шинээр бүтээн байгуулалт эхлэхгүй, хуучин ажлаа дуусгахын тулд хамтдаа нэлээд ажил хийнэ. Царцсан объектуудыг ирэх оны төсвийн тухай хууль тусгуулах, төсөвт өртгөөр барих барилгуудыг аудитаар хэрхэн яаж шалгуулах зэрэг ажлаа энэ зундаа амжуулах шаардлагатайг Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа хэлж байлаа.


Түүнчлэн, БХБЯ, БХтөв, БМҮХ хамтран үнийн судалгаа хийж, 2022 онд үнийн өсөлт тооцох материал 78 нэр төрөл байсныг 800 болгосон байна. Мөн өнгөрсөн оны 5-8 дугаар сард улсын төсвийн 1142 үйл ажиллагааг гүйцэтгэж буй 636 компанид үнийн өсөлтийг тооцуулан, 304.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулжээ. 


Холбоотой мэдээ