ЗАВХАН: Урьдчилан сэргийлэх үзлэгт хүн амын 92 хувийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-03 16:59:28

Улиастай /МОНЦАМЭ/. Их-Уул сумын Эрүүл мэндийн төв жилд 14 мянга гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг хийжээ.

Эмнэлгийн үйлчилгээнд, 2020 оноос мобайл технологи болон монпен төслүүдийн үйл ажиллагаа жигдэрч, төслөөр ирсэн техник, тоног төхөөрөмжүүдийг хэвийн ашиглаж байгаа нь оношилгоо эмчилгээнд чухал ач холбогдол өгч байна.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Ehospital программыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой үр дүн авчирсан.


Тухайлбал, мобайл технологи нэвтэрснээр, орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоо бэхжиж,  хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулж байна. Өөрөөр хэлбэл мобайл технологиоор дамжуулан заавал эмнэлэгт ирэхгүйгээр халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болох. Улмаар өвчнийг эрт үед нь оношлуулах боломжтой болсон.

Халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрүүдэд сумын нийт хүн амын 92 хувийг нь хамруулаад буй юм.


Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблеттэй болсноор иргэн бүрд тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нээгдсэн. Сумын багуудаар явж, малчны хотонд нь очиж, эхо оношилгоо хийх, цусны шинжилгээ, зүрхний бичлэг, В,С вирус, цус, сахарын шинжилгээг хийхийн зэрэгцээ биеийн жин, даралтыг нь үздэг. 

Сахарын шинжилгээ гэхэд гурван минут, элэгний В,С вирусний шинжилгээний хариу гэхэд 10-15 минутын дотор л шуурхай гардаг гээд энэ үйлчилгээ маш олон давуу талтай.

Малчид иргэд ч энэ төслийн бодит үр дүнг биеэр үзэж талархаж байсан. Дээрх төслүүд хэрэгжсэнээр орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадвараа дээшлүүлж чадавхжсан.


Манай эрүүл мэндийн төв нь жилд 520 гаруй иргэнийг хэвтүүлэн эмчилж, 1320 удаагийн ойрын болон алсын дуудлагад явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ. Харин 1203 иргэнийг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулсан байна.



Өнгөрсөн жил, хэвтэн эмчлүүлэх хэсэгт 7,2 сая төгрөгийн урсгал засвар хийж, хэвтэн эмчлүүлэгч, ажилчдын ажиллах, үйлчлүүлэх таатай орчныг бүрдүүлсэн. Мөн нэн хэрэгцээ шаардлагатай хэвтэн эмчлүүлэгчдийн 15 орны иж бүрдэл, ус цэвэршүүлэгч, төрөхийн ортой болсон гэж Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.

Ташрамд тус сум нь Завхан аймгийн хамгийн олон хүн амтай томоохон сумдын нэг юм. 

Холбоотой мэдээ