Х.Болорчулуун: 2023 оныг "Тариалангийн сэргэлтийн жил" болгон зарлаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд энэ жилийн хаврын тариалалтыг угтаж ХХААХҮЯ-наас өнөөдөр Төрийн ордонд "Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулгыг зохион байгуулж байна.
Энэ жилийг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлаж байгаа ба салбарын сайд Х.Болорчулуун чуулганы нээлтийн үеэр газар тариалангийн салбарын бодлого, зорилтыг танилцуулав. Үүнд, тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлтийн хүрээнд “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай”, “Тариалангийн даатгалын тухай”, “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлтийн хүрээнд нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг байгуулсан байна. Хүний нөөц, залуу тариаланчдын тухайд салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах юм. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлгийг салбарын тэргүүлэх чиглэлээр элсэгч суралцагчдад тусгайлан олгох аж. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах, салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн тогтмол явуулах, залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах, залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдан суралцангаа ажиллах сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, зохих гэрчилгээ, үнэмлэхийг олгох, төгсөгч цаашид бие даан аж ахуй эрхлэх бололцоог нээх, сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулгыг нэмэх зэрэг зорилтууд тавигджээ.
Мөн үеэр Монголын тариаланчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Ренчинсэнгээ "Газар тариалангийн үндэсний үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал, гарц шийдэл" илтгэлээ танилцуулсан. Тэрбээр уг илтгэлээ өнгөрсөн он жилүүдийн тариалалтын нөхцөл байдалд тулгуурласан болохыг хэлээд ямар гарц шийдэл байж болох талаар тусгасан гэлээ. Өнгөрсөн он жилүүдэд тариаланчид нэлээд хүнд хэд хэдэн сорилтыг даван туулсан байна. Тухайлбал, 2022 оны буудайн тариалалт төлөвлөснөөс 80 гаруй мянган га-гаар буурчээ. Өөрөөр хэлбэл, буудайн ургац сүүлийн 8 жилд тогтмол буурч байгаа аж. Төмсний үйлдвэрлэл тогтвортой байгаа хэдий ч үрийн нөөц, хангамжид доголдол гарах болсон. Үүний дээр өвчинд өртөмтгий болж, өвчний тархалт нэмэгдсэн байна. Төмс тариалагчдыг төрөөс олгож буй татаас урамшуулалд хамрагдахгүй байгааг энд зориуд анхаарах хэрэгтэй. Тосны ургамлын тариалалт эдийн засгийн үр өгөөж талдаа тааруу дүнтэй байна. Гэхдээ хүнсний ногооны үйлдвэрлэл нэмэгдсэн сайхан мэдээ байна. Энэ нь хүнсний ногоочдод урамшуулал олгож эхэлсэнтэй холбоотой. Малын тэжээлийн таримлын үйлдвэрлэл өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан ба үрийн нөөцөд анхаарч, бодлогоор дэмжих нь зүйтэй. Өнгөрсөн сард бид тариалангийн бүсийг зургаан бүсэд хувааж сургалт явууллаа. Энэхүү сургалтад 700 иргэн, аж ахуй нэгж оролцсон. Сургалтын үр дүнд тариаланчид доголдолгүйгээр ургацаа хурааж авна гэж үзэж байна. Өнөөдөр мал сүрэг төрийн хамгаалалтад байдаг ч хөрс төрийн хамгаалалтад байхгүй байна гэсэн асуудлыг тэрбээр гаргаж тавив.
Тус чуулганд 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа ба салбар хуралдаанаар үргэлжилнэ.