Л.Жаргал: Макро гэрэл зураг бол яг уран зураг шиг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-31 15:18:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэрэл зурагчин Л.Жаргал, Н.Батхүрэл, судлаач Ц.Өлзий, гэрэл зураг сонирхогч Д.Лхагвасүрэн нар “Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгээ “Norphei art gallery”-д нээлээ.


Хамгийн нуугдмал, үл мэдэгдэх амьтад бол шавж юм. Энэхүү үзэсгэлэнд эрвээхэй, шавжийг дурангаар томруулж авсан маш сонирхолтой макро гэрэл зургуудыг дэлгэжээ. Тухайлбал, бар цох, говийн арваалж, хилэнц, хүн хорхой, хавч гээд олон зүйлийн зургийг томоор, зарим амьтны хатаамал дээжтэй харьцуулж харах боломжтой.


Гэрэл зурагчин Л.Жаргал хэлэхдээ, “Бидний амьдарч буй дэлхий ертөнцийн хамгийн том анги бол шавж юм. Дэлхий дээр ойролцоогоор 2-8 сая зүйл, Монгол оронд 13 мянга гаруй шавж бий гэж үздэг. Үүнээс 40-50 шавжны макро зургийг эл үзэсгэлэнд дэлгээд байна. Хөдөө хээр явж байхдаа шигүү ургасан мод бутыг сөхөж үзвэл доор нь амьдрал буцалж байдаг. Өвс сөхөөд шавжны ертөнцийг харуулж байгаа шиг энэхүү үзэсгэлэнгээ “Нуугдмал ертөнц” хэмээн нэрлэсэн. Макро гэрэл зураг яг уран зураг шиг. Гайхалтай амьтдын нууцлаг өнгө төрхийг нарийвчлан харах, харааны өвөрмөц мэдрэмжийг төрүүлэх, байгаль ертөнцийн өөр нэгэн гоо үзэсгэлэнг энэхүү үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой. Мөн хүүхэд, залууст танин мэдэхүйн эхний алхам болоосой хэмээн энэхүү үзэсгэлэнгээ толилуулж байна” гэв.


Энэ үеэр гэрэл зурагчин Н.Батхүрэлээс дараах асуултад хариулт авлаа.


-Та хэзээнээс гэрэл зураг сонирхож эхлэв. Яагаад шавжны зураг руу оров, юу нь таны сэтгэлийг татав?

-Гэрэл зурагтай холбогдох шалтгаан гэвэл аав маань гэрэл зураг сонирхдог байсан. Миний хувьд 2006 оноос өнөөдрийг хүртэл гэрэл зураг авч байна. Хамгийн анх галт тэрэгний зураг авч эхэлсэн. Бидний хөл дор жижиг шавж хорхой бужигнаж байдаг. Эхлээд шавжны ганц хоёр зураг авч байгаад сүүлдээ байгаль дээр нь зураг авах сонирхолдоо хөтлөгдсөн. Ямарваа нэгэн шавж хорхой ямар ургамал дээр амьдардаг, ямар цэцгээр хооллодог, нэгэнтэйгээ хэрхэн тэмцэлддэгийг харуулахыг зорьдог. 


-Тухайн агшныг алдалгүй буулгах нь гэрэл зурагчнаас маш их мэдрэмж, хурд шаардана. Байгаль дээр зураг авах нь ямар онцлогтой вэ?

-Байгаль дээр зураг авахын гол онцлог нь нэг л кадраар авна. Түүнээс лабораторид авч байгаа юм шиг олон кадр аваад түүнийгээ эвлүүлдэггүй. Зарим шавжны зургийг авахын тулд нэгийг нь нөгөөд нь идүүлж байж авах ёстой. Тиймээс тэвчээртэй байж, маш сайн ажиглаж, нар салхины хөдөлгөөнийг харж байж зургаа буулгана. Хорхой шавжаас эхлээд жийрхдэг байсан бол одоо аль болох ойртож авахыг хичээдэг болсон. Тэгж байж хүмүүст өчүүхэн хорхой шавжийг харуулна.  


-Хамгийн их хөдөлмөр зарцуулж, зовж байж авсан зураг гэвэл?

-Ер нь амархан авч байсан зураг ховор. Зураг авахад салхилна, ургамал нь салхинд хөдөлнө. Ургамалтай нь хамт дагаж хөдөлж байж фокусаа тааруулна. Шавжны зургийг байгаль дээр авахын тулд маш олон кадр үрж байж нэг л үр дүнтэй зураг гардгаараа онцлогтой. Мөн маш их тэсвэр, тэвчээртэй, ажигч гярхай байх хэрэгтэй. Сууж байгаа газар, эргэн тойрноо харахад маш олон төрлийн хорхой шавж бий. Энгийн үед хүмүүс анзаардаггүй, ургамал дээгүүр гишгээд явчихдаг. Харин тайван сууж байгаад харвал маш олон төрлийн хорхой шавж байдаг, тэр хэрээр амьдрал буцалж байдаг. Тэдний амьдрал бидэнд, бидний амьдрал тэдэнд нөлөөтэй. Тиймээс хүн, байгаль хоёрын харилцан амьдрал, хорхой шавжны байгальд үзүүлж буй нөлөө эерэг үү, сөрөг үү гэдгийг бид судлах хэрэгтэй.


-Таны гэрэл зургийг харахад олон төрлийн шавжны зураг буулгажээ. Та бүхний үзэсгэлэнгийн зорилго юунд оршиж байна вэ?

-Анх энэ шавжны зургийг авна гэж зорилго тавилгүй тааралдсанаа авдаг байсан. Аажмаар зорилго маань өөрчлөгдөж,  байгалийн хорхой шавжны макро зураг авдаг болж хувирсан. Удахгүй дулаарч зун болно. Тиймээс хүүхэд залуус салхинд гарахдаа шавжны ертөнц ямар сонин юм бэ гэдгийг ажигладаг болох байх. Хүүхэд залуус байгальдаа хандах хандлага нь өөр болоосой, ирээдүйд байгалиа хэрхэн хамгаалах талаар санаа тавиасай гэдгийг үзэсгэлэнгээрээ дамжуулан харуулахыг зорилоо.


Мөн энэхүү үзэсгэлэнгээс ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гаргасан ном бүтээлүүдийн дээжистэй танилцах боломжтой. Үзэсгэлэн 4 дүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.





















Холбоотой мэдээ