БАЯНХОНГОР: Зөрчлийн тухай хуулиар 26 иргэнд хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-31 09:21:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас энэ сард гудамж талбай, олон нийтийн газарт биеэ зүй  бусаар авч явсан, утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан 26 иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ. Тус газраас иргэдийг хуулийн хэрэгжилтийг хангаж, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй байхыг сануулав.


Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.


Харин согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна.


Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэхийг тус газраас анхааруулав.


Тодруулахад, торгуулийн 1 нэгж нь 1000 /нэг мянган/ төгрөгтэй тэнцүү байдаг байна.

Холбоотой мэдээ