Өмнөд Судан НҮБ-ын энхийг сахиулах нэмэлт хүчнийг хүлээж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХАРТУМ. /VOA/. Дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Судан улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс өнгөрсөн сард гаргасан шийдвэрийн дагуу бүс нутгийг хамгаалахаар илгээх 4000 хүнтэй цэргийн хүчийг хүлээж авна гэдгээ ням гарагт мэдэгдлээ.
Өнгөрсөн 8 дугаар сард энхийг сахиулагчдын нэмэлт хүчийг хүлээж авахгүй гэж мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Сальва Киир НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орны төлөөлөгчид Өмнөд Суданы нийслэл хот Жуба хотод уг асуудлыг хэлэлцэхээр ирсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Хэлэлцээрт заасан нарийн ширийн зүйлсийг олон нийтэд дэлгээгүй бөгөөд цэргүүдийг хэзээ илгээх нь тодорхойгүй байна. Нийслэл хот дахь иргэдийг хамгаалах үүрэг хүлээсэн энхийг сахиулагчдын нэмэлт хүчин нь тус улсад байрлаж буй 12 мянга гаруй энхийг сахиулагчдад томоохон дэмжлэг болно.
Өмнөд Суданд ирсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн төлөөлөгчид Жуба хот дахь дүрвэгсдийн хуаранд очсон байна. Уг хуаранд Ерөнхийлөгч С.Киирт үнэнч цэргийн хүчин болон түүнийг огцруулах гэсэн босогчдын хооронд дэгдсэн тэмцлийн улмаас 3 жилийн турш айдас хүйдэст байгаа хэдэн арван мянган иргэд орогнож байгаа юм.
НҮБ-ын элч Саманта Повер Аюулгүйн Зөвлөлийнхний айлчлалыг “улс төрийн удирдагчид улс орондоо энх тайвныг тогтоож чадаагүйн улмаас хүмүүс хэрхэн хохирч буйг харах бодит боломж" гэжээ.
2013 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч С.Киирт үнэнч Засгийн газрын цэргүүд болон дэд Ерөнхийлөгч асан Риек Мачараар удирдуулсан босогчдын хоорондох тэмцлээр Өмнөд Суданд сөргөлдөөн эхэлсэн юм. 2015 оны 8 дугаар сард энхийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар Р. Мачарыг Дэд Ерөнхийлөгч болгох ёстой байсан боловч 7 дугаар сард үймээн дахин дэгдэж, Киирийн арми болон Мачарын талынхны хооронд Жуба хотод дөрвөн өдрийн турш тулалдаан болсны улмаас 300 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсаны ихэнх нь энгийн иргэд байсан юм.
Мачар энэ үеэр улс орноос зугтан гарсан бол түүнийг дэмжиж байсан ард иргэд мөргөлдөөний золиос болсоор байгаа юм. НҮБ-ын элч С.Поверийн хэлснээр “маш олон эмэгтэйчүүд гал түлэх мод цуглуулах, хэрэгцээт зүйлс олж авахаар дүрвэгсдийн хуаранг орхих үедээ бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байна” гэжээ.
Х.Сарнай