О.Цогтгэрэл: Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-27 16:10:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн гэж тус бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээллээ.


Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцээд, ажлын хэсэг байгуулахаар тогтлоо. Мөн УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай сүүлийн үед яригдаж буй асуудлыг хэлэлцээд, байр сууриа нэгтгэсэн. Эдгээр нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр багтаад буй. Өнөөдөр Хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, ноогдол ашиг тараадаг, үлгэр жишээ болохуйц компанийн жирийн нэг хувьцаа эзэмшигч тэдгээр нэр дотор орж ирсэнд харамсаж байна. Энэ бүхний цаана шударга ёс тогтоох нэрийн дотор сөрөг хүчнийг бусармаг үйл ажиллагаатай холбох гэсэн санаа байна уу гэсэн хардлага байна.


Түүнчлэн УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэхэд, хангалтгүй гүйцэтгэлтэй байна. Үүний цаана хэчнээн олон төлөвлөсөн ажил гүйцэтгэлгүй үлдэж байна вэ. Иймд тал талдаа анхаарч, хариуцлага тооцох хэрэгтэй" гэлээ. 

Холбоотой мэдээ