БАЯНХОНГОР: Ганьсү мужтай найрсаг харилцаа тогтоож, хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-27 13:57:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан БНХАУ-ын Ганьсү мужийн Жючуан хот, мужийн нийслэл Ланжоу хотод албан айлчлал хийж, аймаг мужийн хооронд найрсаг харилцааг тогтоох, хамтран ажиллах хэлэлцээр хийлээ.


Ажлын багийнхан Ганьсү мужийн дарга Рен Зэй Хэй, Жючуан хотын дарга Тан Пэй Хунтай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна.


Баянхонгор аймгийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аймгийн соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймаг орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шилдэг техник технологийг нутагшуулах, импортыг орлох экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд таниулах, ингэний сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой тус айлчлалыг хийжээ.



Хэлэлцээрийн хүрээнд 

1. Жючуан хотын 13 мянган хүлэмж бүхий ногоон экологийн аж үйлдвэрийн паркт ирэх сард багтаан Баянхонгор аймгийн холбогдох 2-4 мэргэжилтнийг 20 хоногийн хугацаанд ажиллуулах, туршлага судлуулах 

2. Жючуан хотын Сүбэй сумаас малын бууцыг нано технологийн аргаар боловсруулан гаргадаг эко бордооны үйлдвэрийг Баянхонгор аймагт нийлүүлж технологичдыг сургаж өгөх

3. Жючуан хотын ногоон экологийн аж үйлдвэрлэлийн паркын жишиг хоёр хүлэмжийг Баянхонгор аймагт хамтран байгуулах 

4. Баянхонгор аймгийн Байдрагийн голыг түшиглэн байгуулах Усан цахилгаан станцын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 10 сурагчийг инженер мэргэжлээр Жючуан хотод сургах 

5. Жючуан хотын техник технологийн сургуульд Баянхонгор аймгийн 20 оюутныг Ганьсү мужийн болон БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сургах 

6. Хоёр талын урлаг соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан сурталчлах зорилгоор соёлын ажилтнуудыг солилцох талаар нэр бүхий зургаан асуудлаар талууд тохиролцож, энэ хүрээнд Баянхонгор сум Жючуан хоттой нөхөрсөг харилцаа тогтоон, Баянхонгор аймаг болон Ганьсү муж хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна. 

Холбоотой мэдээ