ОРХОН: Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 430 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-23 15:07:18
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” /PROGRESS/ төсөл, Эрдэнэт ШУТП хамтран “Бизнесийн гарц” өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго нь орон нутгийн бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулан сурталчилж, харилцан туршлага солилцоход чиглэсэн юм.

Уг өдөрлөгт орон нутгийн гар урлал, арьс ширэн эдлэл, сүү цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид болон хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал “Төслийн үйл ажиллагаанаас гарч байгаа үр дүнг бид таатай хүлээн авч байгаа. ЗДТГ-аас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихэд хамтран ажиллана. Цаашид бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” гэсэн юм.

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих /PROGRESS/ төсөл 2021 оноос Улаанбаатар, Орхон, Ховд аймагт хэрэгжиж эхэлсэн. PROGRESS төсөл Орхон аймагт хэрэгжсэн энэ хугацаанд 40 гаруй бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 430 сая төгрөгийн өртөгтэй орон нутгийн санхүүжилтийн гэрээг байгуулжээ.

Мөн орон нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах 10 дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна. 
Мөн аймгийн “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-тай хамтран 

  • Бизнес хөгжлийн төвийг чадавхжуулах, бэхжүүлэх, 
  • ЖДҮ, хоршоо, гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, 
  • Инновац, шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан ажиллаж байна. 

 

Холбоотой мэдээ