Путины Японд хийх айлчлалын тов гарав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-02 23:16:57

ВЛАДИВОСТОК. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ оны сүүлчээр Японд дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.

Оросын Алс Дорнодын Владивосток хотод Лавров хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийжээ. Тус хотод Абэ, Путин нар өнөөдөр эдийн засгийн форумын үеэр уулзсан юм.

Лавров хэлэхдээ “Японы санал болгосон найман заалт бүхий хамтын ажиллагааны төлөвлөгөөг Ерөнхийлөгч Путинд Абэ дэлгэрэнгүй танилцуулсан” гэв. Түүний хэлснээр, Оросын тал энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа аж.

Мөн хоёр улсын удирдагчид энхийн гэрээний асуудлыг хэлэлцсэн байна.

Энхийн гэрээний асуудлаарх хэлэлцээг хоёр улсын гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд үргэлжлүүлэх бөгөөд ирэх 12 дугаар сарын 15-нд Путин Японд айлчлахдаа энэ асуудлыг Абэтэй дахин хэлэлцэх ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ