ЗАВХАН: Усыг зохистой хэрэглээгээр дамжуулж хамгаалахыг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-22 17:33:40

Улиастай/МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна. Дэлхийн усны өдрөөр ус болон ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа өөрчлөлтийг хурдасгахыг уриалж буй юм.  


Завхан аймгийн газар доорх усны нөөц нь 1140 сая м3, харин гадаргын усны нөөц нь 3160 сая м3 юм. Тус аймаг жилд 1700,85 м3 усыг хүн амын унд ахуйд хэрэглэж байна. Харин аймгийн хэмжээнд уул уурхайн ашиглалт болон хайгуулын таван компани газар доорх усыг хайгуулын болон, үйлдвэрлэлийн, өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

Ус ашиглалт, усны хэрэглээ, усны чанар аюулгүй байдлын талаар өнгөрсөн онд нийт 35 удаагийн сурталчилгаа, нөлөөлөл мэдээллийн ажлыг олон нийтэд хүргэсэн байна.

Харин БОАЖГ-ын даргын тушаалаар өнгөрсөн онд тус аймагт таван цооног өрөмдөх тушаал гарсан. Тосонцэнгэл, Их-Уул суманд  зөвшөөрөлгүй өрөмдсөн хоёр цооногийг илрүүлэн, БОХУБ-д шилжүүлэн зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан байна. Харин ус ашиглах зорилгоор ирсэн гурван хүсэлтийг харъяалах сав газарт шилжүүлсэн байна.


Мөн сумдын нийтийн халаалтын зургаа, ашигт малтмалын хайгуулын дөрөв, амралт жуулчны баазын таван ус ашиглуулах дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн Дөрвөлжин  сумын  нутагт орших  Зос Уул нэртэй МV-021682  тоот  дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Вестерн Монголиан Девелопмент ХХК нь эзэмшлийн талбайд хайгуулын ажлыг явуулахдаа эрэл хайгуулын өрөмдлөгт шаардлагтай усыг хэтрүүлэн ашигласан зөрчлийг илрүүлсэн. Ус хэтрүүлэн ашигласны төлбөрийг бодож, тус аж ахуй нэгж болон татварын хэлтэст шаардлага хүргүүлэн ажиллажээ.

Ер нь усны зөв зохистой, үр ашигтай хэрэглээг иргэд, аж ахуйн нэгжид төлөвшүүлэхэд усны үнэ, тарифын асуудал чухал юм. Усыг зохистой хэрэглээнд алдагдалгүй, хэмнэлттэй, бага бохирдуулан, дахин ашиглах зарчим байх ёстой. Гэхдээ хэрэглээнд хамгийн оновчтой үнэ, тарифыг хэрэглэх, мөрдүүлэх нь хамгийн чухал асуудал. Жишээ нь уул уурхайд ашиглаж байгаа усны үнэ юм. Усны тухай хуулинд, усны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашиглахад “ус ашигласны төлбөр”-ийг төлнө гэж заасан гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 


Хүний амьдралд, нийгэмд усгүй юм гэж үгүй. Дэлхий дээр жил бүр олон тооны гол горхи ширгэж буй харамсалтай мэдээллийг та харж байгаа байх. Тиймээс иргэн та усыг хайрлах, гамнахын тулд өөрөөсөө эхэл. Чадах зүйлээ хий. Та болон таны гэр бүл, сургууль, хамт олон усны хэрэглээ, ойлголт, менежментээ өөрчлөх замаар өөрчлөлтийг хийж чадна гэдгийг энэ жилийн усны өдөр онцгойлон анхаарал хандуулахыг зөвлөж байна.


Хувь хүний хувьд та өөрөө юу хийж чадах вэ гэхээр, усанд орох, нүүр гар, шүд, амаа угаахдаа, аяга тавгаа угаах, хоол хүнс хэрэглэхдээ усаа хэмнэлттэй ашиглаж сурах, өөрөөр хэлбэл гал тогоо, угаалгын өрөөнөөс эхэлж усаа хэмнээрэй. Мөн устай холбоотой мэдээ мэдээллийг сонирхож, судалж, ойлгож, танин мэдэхийг хичээгээрэй. Миний, бидний хэрэглэж байгаа ус хаанаас яаж бий болж эсвэл ирж байгаа. Мөн тухайн аймаг, сумынхаа усны нөөц, ашиглалт, ямар салбарт усыг хэрэглэж байгаа талаарх мэдээллийг салбаруудаас авч, тухайн аймаг сумын шийдвэр гаргах түвшний болон салбарын мэргэжилтнүүдээс асууж тодруулж, мэдээлэлтэй байгаарай.


Гол, нуурын эрэг орчмоор мод, бут тарих, борооны ус хуримтлуулан зүлэг ногоогоо услах. Хүнсний үлдэгдэл, тос, тосон материал, эм, эмнэлэгийн болон химийн хог хаягдлыг эмх замбараагүй хаяж тараахгүй байх. Ялангуяа усны сав газар, голын тохой гэх зэрэг газруудад сайн дураараа цэвэрлэгээ хийх, бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол хийхийг иргэдэд уриалах, шийдвэр гаргагчдад сануулахыг зөвлөж, уриалж байна гэж аймгийн БОАЖГ-аас нэмж дуулгав. 

Цэвэр усны шугам сүлжээний алдагдлыг бууруулах нь хамгийн чухал

Энэ жил усны салбарын мэргэжилтэн, эрдэмтэд усыг хэрхэн, яаж ашиглах гэхээсээ илүү хамгаалах, энэ талын бодлогын талаар ярих хэрэгтэй болсныг хөндөж байна.

Тиймээс усыг зөв зохистой хэрэглээгээр дамжуулж хамгаалахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү өгч, нөлөөллийн ажлыг хийнэ. Учир нь, Монгол улс гүний усны нөөцгүй болох аюулд хүрээд буйгаа зарлаад байна. Хэдийгээр манай байгууллага, чанартай, хүртээмжтэй усаар хэрэглэгчдийг хангах үүрэгтэй хэдий ч усны нөөцийг хамгаалах талаарх нөлөөллийн ажлыг жил бүр хийдэг. Ялангуяа хэрэглэгчдийг унд ахуйдаа цэвэр усыг хэрхэн зохистой хэрэглүүлэх талаар бодлогодоо тусгаж, нөлөөлөх ажлыг хийж буй юм.


Өнгөрсөн жил усны өдрийг дэлхий нийтээрээ цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж байсан. 


Завхан аймгийн төв, Улиастай сумын тухайд, ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагуудад жилд, нийт 365000м3 усыг олборлодог. Харин инженерийн шугам сүлжээнд холбогдсон 1530 айл өрхийг төвлөрсөн шугам сүлжээгээр жилд 256560м3, нийт өрхийн 88,3 хувийг эзэлдэг гэр хорооллын айл өрхөд нийт 21 ус түгээх байранд, автомашинаар цэвэр ус зөөвөрлөн 24 цагийн турш 40180м3 цэвэр усыг түгээж байна гэж Амь-ус ХХК-аас мэдээлэв.


Монгол улс жилд 600 сая шоо метр усыг унд, ахуй, үйлдвэрлэлд хэрэглэдэг. Үүний дийлэнхийг хөдөө аж ахуйн салбарт болон уул уурхайд ашигладаг. 86 сая шоо метр усыг унд, ахуйн зориулалтаар хэрэглэжээ.


Мөн шугам сүлжээний алдагдлыг арилгах зорилгоор цэвэр усны төв болон салбар шугамын үзлэг, шинэчлэлтийг тогтмол хийж байна. Учир нь Улиастай суманд хэрэглэгдэж байгаа цэвэр усны нийт шугамын 85 хувь нь 30 жил ашиглагдсан, 7.3 хувь нь 20 орчим жил ашиглагдаж байгаа элэгдэлд орсон шугам юм.

Тиймээс цэвэр усны шугам сүлжээний алдагдалгүй ажиллах хэвийн үйл ажиллагааг хангах нь чухал юм. Цэвэр усны нөөцийг үр ашигтай зарцуулах, шугам сүлжээний алдагдлыг арилгах зорилгоор жилд 460 орчим шугамын гэмтлийг засварласан байна. 

Усны хэрэглээг хянах хамгийн чухал хэрэгсэл бол усны тоолуур.

Хэрэглэгчид өөрсдийн хэрэглээг хянаж, хэрэглэсэн хэмжээгээрээ усны төлбөрийг төлж байна. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын 136 аж ахуйн нэгж байгууллага, 462 айл өрх тоолууртай байна.

Жил бүр улсын хэмжээнд гол горхи, булаг шанд ширгэж байгаа харамсалтай тоон мэдээллийг иргэн бүр сонсож байгаа.

Тиймээс иргэдийг дусаал гоождог цоргоо янзалж өдөрт 15 литр ус, жилд 5,500 литр усыг хэмнэх. Шүршүүрт орох хугацаагаа гурван минут богиносгож 13,000 литр усыг, крантны усаа гоожуулахгүйгээр, аяганд ус тосон шүдээ угааж хэвшсэнээр жилд 6,820 литр усыг хэмнэж чадна. Мөн суултуурын почкиндоо нэг ширхэг тоосго байршуулаад, жилд 2 тонн усыг хэмнэж, цэвэр усны хомстолд орохоос сэргийлэх. Усны хэрэглээгээ зөв зохистой болгохыг Амь-Ус ХХК-аас уриалж, зөвлөв.


Улиастай сумын хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах. Хэрэглээнээс гарсан бохир усыг хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүйгээр, стандартад нийцүүлэн цэвэрлэх үйл ажиллагааг Амь-Ус ХХК хийж буй.

Улиастай сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг нийт гурван өргөлтийн насос станцаар шахаж энгийн биологийн цэвэрлэгээтэй биоцөөрөмд цэвэршүүлж байна.

Өнгөрсөн онд 328500 м3 бохир ус татаж, бохир усны цооногтой албан газруудаас 814,500 м3 соролтыг хийжээ. 


Холбоотой мэдээ