ӨМНӨГОВЬ: Урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутгийн төрийн албан хаагчид чухал үүрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-23 10:13:39

Даланзадгад /МОНЦАМЭ/ “Алсын хараа-2050” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтыг таниулах анхан шатны сургалтыг энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна.

Сургалтад төрийн албан хаагчдыг хамруулж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”  урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, засаглал, хүний хөгжил, эдийн засаг зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцлоо.


 


 

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Ирмүүн, ЗГХЭГ-ын ахлах референт П.Энхсайхан, УИХ-ын төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа, Удирдлагын академийн докторант Д.Намхайдагва зэрэг багш нар сургалтыг удирдан явуулж, алба хаагчдад төрийн бодлого чиглэлийг хүргэж байгаа юм.

 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг орон нутагт оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэхийн тулд сум, орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг таниулах нь нэн чухал юм.  

Энэхүү ач холбогдол бүхий сургалт зөвлөгөөнд Өмнөговь аймгийн 15 сумын ИТХ, ЗДТГ-ын  200 гаруй  албан хаагч оролцож байна.





ЗГХЭГ-ын ахлах референт П.Энхсайхан

Өмнөговь аймагт шилжин ирж суурьшиж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Үзүүлэлтээс харахад их том үзүүлэлттэй харагдаж байгаа. Сүүлийн 30 жилд шилжилт хөдөлгөөн хот руу төвлөрсөн. Шалтгаан нь орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарууд хөгжөөгүй, ажлын байр хомс байдаг учраас тэр.

Тиймээс бид хөдөө орон нутгийнхаа хөгжил дэвшлийг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэр үйлчилгээг сайн хөгжүүлье гэж зорьж байгаа. Ноос, арьс ширийг бүгдийг нь хот руу зөөж боловсруулах биш аймаг орон нутагтаа бүсчлээд үйлдвэр байгуулаад хөгжүүлье. Тэнд ажлын байрыг бий болгоё гэдэг төлөвлөгөөг гаргасан. Сүүлийн жилүүдэд харьцангуй хөдөө орон нутагт гарч үйлдвэр үйлчилгээ явуулж, бизнес эрхэлж амьдрах сонирхолтой иргэд нэмэгдсэн байна. Аймгуудад томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна.

Жишээ нь, Өмнөговь аймагт сүүлийн үеийн стандартаар музей болон ХЖТ-ын барилгыг барьсан байна. Хэн ч ирсэн нүүр бардам үзүүлж харуулах зүйлтэй болж. Мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Бахархалтай. Ер нь бол аймгуудын эрчим хүч болон дэд бүтцийг нь шийдээд өгөхөд өөрсдөө барилга байгууламжаа бариад хөгжөөд явчих бүрэн боломжтой юм.


УИХ-ын төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа

Энэ сургалтын гол зорилго бол Монгол Улсынхаа 30 жилийн хөгжлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дараагийн 30 жилд ямар үр дүнг хангах вэ? гэдэг тал дээр судалгаа хийх юм. Судалгаанд үндэслэн төрийн бодлогоо боловсруулсан. Энэ бодлого хэрэгжихэд орон нутгийн төрийн албан хаагчдын үүрэг маш чухал юм. Ялангуяа төрийн бодлогоо зөв ойлгож хэрэгжүүлэх, шат шатны албан хаагчид идэвх оролцоотой байх хэрэгтэй.

Өмнөговь бол "Алсын хараа- 2050, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд голлох үүргүүдийг гүйцэтгэх онцлох аймаг. Яагаад гэвэл уул уурхайн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, боомтын сэргэлтүүдийг хангахтай холбоотой дэд бүтцийн төслүүд хэрэгжих, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт зэрэг томоохон төслүүдэд гар бие оролцож хувь нэмрээ оруулна.

Эрхэм зорилгынхоо хүрээнд төрийн албан хаагч нар чадвартай, эерэг хандлагатай, идэвхтэй, бүтээлч байхыг Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс онцгой шаардлагыг тавьж байгаа. Тиймээс төрийн албан хаагчид аймгийнхаа хөгжлийн бодлогыг улс орныхоо хөгжлийн бодлоготой, сум, байгууллагын түвшинд уялдуулан ямар зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бид ямар оролцоотой байх вэ гэдэг тал дээр оролцооны аргад суурилан сургалт явуулж байгаа.

Өмнөговь аймгийн дэвшүүлсэн зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд алба хаагч бүгд нэгдсэн ойлголттой болж байна. Түүнчлэн энэ хүмүүс тус бүрдээ 10 10 хүнд мэдээлэл хүргэнэ. Тэдгээр хүмүүс нь багшийн оролцоогүй цахим сургалтад хамрагдаж сэргэлтийн бодлогоо ойлгож хэрэгжүүлэх шаталсан сургалтууд байгаа юм. Мөн энэ удаагийн сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид цахим болон танхимын сургалтад хамрагдаад 90-ээс дээш хувьтай тестүүдээр шалгалтаа өгч сертификатаа авах юм.


Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан

Сургалтад сумаасаа долоон хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. Тодорхой мэдлэг мэдээлэл авлаа. Цаашдаа Монгол Улсын хөгжил ямар түвшинд байх, хэрхэн хөгжүүлэх тал дээр чиглэлтэй болж байгаа юм. Орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх арга замууд, үүнийг шийдвэрлэснээр улсын хөгжилд бидний оролцоо юу байх вэ гэдгийг сургалтаар их тодорхой мэдэж ойлголоо. Улсаас ирсэн хөгжлийн тухай тунхаг бичиг бариад явах биш харин үүнд бид өөрсдөө оролцоотой байж тодорхой хугацааны дараа хөгжлийн ямар шатанд хүрсэн байх вэ гэдгээ өөрсдөө тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлээд явах боломжийн талаар ярилцаж байгаа нь их таалагдлаа. Сургалтаар алба хаагчдын оролцоонд тулгуурлан шийдэл гарцыг нь ярилцан шийдвэрлэж явсан нь их онцлогтой, үр өгөөжтэй, цаг үеэ олсон ажил боллоо.

 

Холбоотой мэдээ