БАЯНХОНГОР: Хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-21 08:36:44
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөөний 8.00 цагийн ажиглалтын мэдээгээр, Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж байгаа бол зарим хэсэгт салхины хурд түр зуур 15-27 м/с хүрч, хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг УЦУОШГ-аас мэдээлэв.

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга болохтой холбогдуулан цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ОБГ-аас холбогдох үүргийг албадад хүргэжээ. Үүнд:
-Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг малчид, иргэд, олон нийтэд шуурхай хургэх ажлыг Цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээллийг үндэслэн сумын ЗДТГ-аас төв суурин газрын иргэд рүү, Багийн Засаг дарга харьяа багийнхаа малчин өрхүүд рүү чиглэсэн зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулах;
-Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал тус аймгийн зарим суманд хүндэрч, мал сүрэг тарга, тэвээрэг муу, ихэнх суманд мал төллөж байгаатай холбогдуулан хүчтэй салхи, шуурга шуурах тохиолдолд малыг бэлчээрлүүлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд ойрын бэлчээрт бэлчээрлүүлэх;
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг малд явуулахгүй байхыг үүрэгджээ.

Цаашид З, 4 дүгээр сард олон удаагийн давтамжтайгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг тус албанаас мөн анхааруулав.
Холбоотой мэдээ