СЭЛЭНГЭ: Алтан маркийн цуглуулгыг 4.4 сая төгрөгөөр арилжааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-20 14:23:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Монгол шуудан үйлчилгээний газар дэргэдээ Монгол маркийн танхимтай болж буй талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 17-ны өдөр тус танхим албан ёсоор нээлтээ хийж, үйлчлүүлэгчдэдээ нэгэн шинэ үзмэрээр бэлэг барилаа.

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нарын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа энэхүү танхим нь Монгол Улсын шуудан үйлчилгээний газрын хэмжээнд анхны Монгол маркийн танхим гэдгээрээ онцлогтой юм.  

 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн мэндчилгээг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог дамжууллаа.

 

Мөн энэ үеэр ховор маркийн дуудлага худалдаа болж нийтдээ ховор 5 марк, нэг ил захидал, анхны захидлын дугтуйны дуудлага худалдаа тус тус болж, бүгд амжилттай арилжаалагдлаа.

 

Дуудлага худалдааны хамгийн үнэтэй арилжаалсан марк бол 23 каратын алтан маркийн цуглуулга байв. Үүнийг 1 сая төгрөгөөс дуудаж, 4.4 сая төгрөгөөр Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Г.Бямбаа худалдан авлаа.

 

Тэрээр марк сонирхогч клубийн гишүүн бус бөгөөд өөрийн хувийн архивтаа хадгалан үлдээхээр, мөн монгол маркийн 99 жилийн ойн баярын хүрээнд дурсгал болгон авч үлдэхээр худалдан авлаа хэмээн ярьсан юм.

 

Тус танхим нь иргэд олон нийтэд нээлттэй бөгөөд ЕБС-ийн болон СӨБ-ын нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж, хүүхдүүдэд эртний дурсгалт ховор маркийн цуглуулгаа үзүүлэх, монгол маркаа түгээн дэлгэрүүлэх, маркийн тухай мэдлэг олгох чиглэлээр ажиллана хэмээн аймгийн МШҮГ-ын дарга Ц.Золзаяа ярилаа. Мөн тэрбээр цаашид танхимынхаа дэргэд Марк сонирхогчдын клубийг нээн ажиллуулах зорилготой байгаа гэв.  

 

Энэхүү үйл ажиллагааны үеэр Марк, үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн С.Алтантүлхүүрээс дуудлага худалдааны талаар тодрууллаа.



-Сэлэнгэ аймагт зохион байгуулж байгаа энэ ажил маркийн 100 жилийн ойд зориулан хийж байгаа чухал ажлын нэг.

Хувьсгалын өлгий нутаг гэдгээр энэ танхимаа мөн л анхлан энэ нутагт нээж байна. Бид өнөөдөр 8 төрлийн марк, үнэт зүйлээр дуудлага худалдаа явууллаа. Энд Д.Сүхбаатарын мэндэлсний 90 жилийн ойд зориулан 1983 онд хэвлэгдсэн марк анх удаа дуудлага худалдаанд орж байна. Дараа нь Улаанбаатар хотын 60 жилийн сэдэвт маркийн анхны өдрийн дугтуй худалдаанд орсон. Гуравт нь Хатанбаатар Магсаржавын зурагтай ил захидал. Энэ бол Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор гарч байсан. Маш цэврээрээ хадгалагдан үлдсэн байгаа. Дараа нь Д.Сүхбаатарын мэндэлсний 120 жилийн ойд зориулан гаргасан 1000 ширхэг засвартай хийгдсэн маркийг олж авч ирлээ. Мөн Д.Сүхбаатарын 70 жилийн ойд зориулан 420 мянган багц хэвлэсэн маркаас 2 багцыг олж ирсэн.

Түүнчлэн Монголын хамгийн анхны марк болох Элдэв-Очир маркийг авч ирлээ. Энэ марк бол 1924 онд 650 мянган ширхэг хэвлэгдэж байсан. Үүнээс нэг ширхэг байгаа.

Манай улсын гаргасан 23 каратын алтан маркууд байгаа.

Хамгийн сүүлд нь Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулан 100 мянган ширхгээр 1946 онд хэвлэсэн маркаас нэгийг авч ирсэн. Энэ хоёр марк бол нэн ховор маркуудад орно. Бид зарим энэ ховор маркуудаа Монгол Улсын Марк сонирхогчдын холбооноосоо гуйж авсан.  

Марк бол янз бүрийн үнэтэй байдаг. Нэг л удаа хэвлэгддэг, олон удаа хэвлэдэггүй гэдгээрээ марк хамгийн онцлогтой хэмээн ярилаа.    

 

-Марк сонирхогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн өндөр настан Н.Навчинцэцэгийн сэтгэгдлийг сонслоо.


-Би багаасаа марк цуглуулж ирсэн. Сэлэнгэ аймагт хүүхдүүдээ дагуулан ирж өөрийн хүссэн сонирхсон маркаа худалдан авлаа. Маш их баяртай байна. Би Элдэв-Очир, 25 жилийн ойн марк хоёрыг худалдан авлаа. Харин алтан маркаа авч чадсангүй. Надад марк маш их бий. Тоог нь гаргаж чадахгүй байгаа. Анхны өдрийн дугтуй, төрөл бүрийн марк бий хэмээв.

 

Монгол Улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 оны 7-р сарын 1-нд гүйлгээнд гаргажээ. 1921-1924 онд Ардын Засгийн газрын Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Мандалын Бат-Очирын санаачилгаар Монгол Улсын шуудангийн анхны маркийг Монгол Улсын Ардын Засгийн газрын 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу “Элдэв-Очир” хэмээх сэдвээр 7 нэрийн марк гаргахаар шийдвэрлэжээ.

 

Энэхүү Элдэв-Очир буюу Нацагдорж нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр очироос бүрддэг байна. Хэзээ ч салшгүй бат бэх, дийлэгдэшгүйн бэлгэдэл болдог байна.

Монгол Улс энэ үед үндэсний мөнгөн тэмдэгтийг хараахан гаргаагүй байсан тул маркийн нэрлэсэн үнийг доллароор илэрхийлэн гаргаж байжээ.  









Холбоотой мэдээ