Я.Ариунзул: Бид үрийг унтуулдаггүй. Үр өөрөө унтдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-20 12:14:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт Ойн генетик нөөцийн төвийг байгуулаад жил болж байна. Дэлхийн ойн өдрийн өмнө бид тус төвийн үйл ажиллагааг сурвалжлав. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон сэтгүүлчидтэй хийх уулзалтаа тус төвөөс эхэлсэн юм.

Тэрбээр, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээн дэх үйл ажиллагааг ургамлын судалгаанаас эхлүүлж, тус төв ургамал, модоо үржүүлж, баяжуулах зорилгоор ажиллах юм гэдгийг онцлов.


“Мод тарьж байгаа нь мөн бидний одооноос ярьж буй уурхайн хаалтын менежменттэй холбоотой. Бид геологийн хайгуул хийж нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж буй боловч хэвлийн баялаг нөөц хэзээ нэгэн цагт шавхагдана. Тэгвэл ой мод гэдэг өөр юм. Ноос, ноолуур шиг жил бүр нөхөгдөн нэмэгдэж байдаг. Гадаадын орд, уурхайнуудаар явж байхад мод их тарьсан байдаг. Модоо бүр бизнес болгосон байдаг. Одоо олон улсад карбон кредитийн механизмын талаар их ярьж, дэлхийд хэрэгжүүлээд эхэллээ” хэмээн тодотгож, энэ талаар “Эрдэнэт үйлдвэрийнхэн холбогдох компанийнхантай уулзсан. Канад, Германы компаниуд манай ойг судлаад, танай ой хөгширсэн, хорхойд идэгдсэн, сийрэгжүүлээгүй байна гэсэн. Гадаадад модоо 15 жил тариад, тайрдаг, арчилдаг. Тиймээс монголчууд модоо тарьснаар “Тэрбум мод” хөдөлгөөн цаашдаа шавхагдашгүй баялаг болж, бизнес буюу мөнгө болно гэдгийг онцолсон юм.


Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагааны талаар тус төвийн захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” нэгжийн дарга, доктор Я.Ариунзулаас тодруулав. Тэрбээр, Ойн генетик нөөцийн төв нь:

  • Хөрсний биотехнологийн төв,
  • Мод үржүүлгийн цогцолбор,
  • Ногоон хөгжлийн төв гэсэн 3 хэсгээс бүрдэж буйг танилцууллаа.

Хөрсний биотехнологийн төв нь органик хог хаягдлаар бордоо хийх, чийгийн улаан хорхойгоор бордооны үржлийг сайжруулж, ашигт микориз үйлдвэрлэх зэргээр манай улсад хэрэгжиж буй инновацын төслийг хэрэгжүүлэх аж.


Тэрбээр, “Манай төвийн үйл ажиллагааг товч энгийнээр тайлбарлавал, модлог ургамлын генетик төв юм. Үрийн агуулах гэж ойлгож болно. Яагаад генетикийн төв гэсэн нь учиртай. Жишээ нь, тэхийн шээгийг хүний бөөрөнд сайн гэдэг. Энэ нь тухайн ургамлын үр удамшиж, эд эсийнх нь генетик нөөц бүрдсэн гэсэн үг. Тэгэхээр бид тэхийн шээгийн үрийг хадгалж байгаа нь  генетик нөөцийг нь хадгалж байна гэсэн үг. Та бүхний сая явж үзсэн өрөөнүүд хасах 30-аас эхлээд янз бүрийн хэмийн, богино болон урт хугацаагаар хадгалах зориулалтын өрөөнүүд юм. Тодруулж хэлбэл, чихэр өвс, хулангийн ундаа, хайлаас зэрэг ургамлын үр байлаа гэхэд бид Монгол орны тухайн ургамлын үрийг шинжилж судлаад, хамгийн сайн гэж байгааг нь урт хугацааны буюу хасах 30 хэмийн агуулахад хийж хадгалдаг.

Тэр рүү хүн орж болохгүй. Яагаад гэвэл, тэнд монгол хайлаасны үеийн үед хадгалах генефонд байх учраас тэр. Манай орон эко системийн хувьд их гоё газар. Халуун хуурай, хэт хүйтэн байна гэдэг нь ургамлын өөрийнх нь эмийн чанар сайн байдаг. Тиймээс генефондын хадгалах нөхцөл бүрдчихээд байгаа юм. Дэлхийн II дайны үед ургамлын генефондын салбарын эрдэмтэд өөрсдөө өлсөж үхсэн ч үрээ нэгийг ч устгуулаагүй түүх бий” гэв.  


Генетик нөөцийн төв байгуулагдсан нь өөрөө “Тэрбум мод” хөдөлгөөний хамгийн том хувь нэмэр, том ажил юм.



-Танай төв байгуулагдаад жил болжээ. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд юу хийж, ямар хувь нэмэр оруулж байна вэ?

-Генетик нөөцийн төв байгуулагдсан нь өөрөө “Тэрбум мод” хөдөлгөөний хамгийн том хувь нэмэр, том ажил юм. Шилмүүс модны болон жимсний модны нөөцийг бүрдүүлэх гэж байна. 30 мянган га-д 100 сая мод тарина. Энэ бол их том талбай. Гэхдээ үнийг зөвхөн бид хийхгүй, эрдэмтэн мэргэжилтнүүдээс эхлээд үйлдвэр, ААН, компаниуд, иргэдтэй хамтарч хийнэ гэсэн үг.

Аль болох иргэдтэй хамтарна. Яагаад гэвэл, үрийн төвтэй болсноор нэг ашигтай юм нь, тухайн үрийг шинжилж судлаад, сертификат олгоход 70 хувийн амьдралтай үр байлаа гэхэд үлдэх 30 хувь нь хоосон байдаг. Тиймээс цаашдаа дандаа бүрэн дүүргэлттэй, бүтэн болсон, ургах нөхцөлийг сайн бүрдүүлсэн үрийг тарина гэсэн үг. Нэг ёсондоо иргэд өмнөх шигээ хоосон үр тариад байдаг нөхцөл байдал үгүй болно гэсэн үг. Эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай болно.

-Танайх цаашдаа үрээ зарна гэсэн үг үү. Суулгацаа мөн худалдах уу?

-Бид үрээ зарна. Гэхдээ захиргааныхаа зардлыг оруулаад болно. Үнэлгээ хийгдэх байх. Хамгийн гол нь иргэд, ААН-үүдийг үрээр хангах нь их чухал юм. Үрээ суулгацаар тарих нь амжилттай байдаг. Гэхдээ 1-2 настай байна. Түүнээс дээш бол хэрэггүй. Хүмүүс ойгоос мод авчраад ургуулах гээд байдаг нь буруу юм.


-Та ургамлын үр өөрөө унтаад, буцаад сэрдэг гэсэн. Тэгэхээр танайхыг үр унтуулдаг газар гэж нэрлэж болох уу?

-Манайхыг үр унтуулдаг биш, хадгалдаг газар гэж болно. Ургамал өөрөө байгаль эх болохоор унтаад, сэрээд, босоод навч нь цухуйж “хөлд ороод” мод болдог. Эхний 3 жил асар их арчилгаа шаарддаг. Моджоод эхлэх нөхцөлд өөрөө биосферийн том бүрэлдэхүүн хэсэг болдог юм. Өөрөөр хэлбэл, эко системийг мод л зөөлрүүлж, доройтлыг бууруулж зогсоодог. Түүнээс биш хичнээн цэцэг тариад, өвс ургуулаад зөөлрүүлэхгүй. Тиймээс бид зөвхөн мод л тарих хэрэгтэй.  

-Ургамлуудын өөр өөрийн онцлогийг дурдвал..?

-За, хайлаасаар жишээ авахад, навч ихтэй, уур амьсгалыг зөөлрүүлдэг, хаана ч ургадаг гэдгээр бурхны хишиг мод гэдэг. “Хажуу газар ургадаг хайлаас гэдэг мод нь хө...” гээд дуу байдгийг та бүхэн мэднэ.

-Танайд мэдээж дандаа мэргэжлийн хүмүүс ажилладаг байх. Боловсон хүчин хэр хангагдаж байна?

-Манайх 15 хүнтэй, дандаа ойн инженер, мэргэжлийн хүмүүс байгаа. Гэхдээ манай улсад биотехнологи, нарийн мэргэжилтнүүд байдаггүй юм билээ. Одоо ингээд лабораториуд ажиллаад эхлэхэд манайх нарийн мэргэжлийн хүмүүсээ авна. БНСУ-ын “Ногоон хэрэм” төслийн удирдлага манайд ирээд явсан. Тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гаас мэргэжилтэн ажиллуулья гэсэн санал тавьсан. Ер нь бол бид өөрсдөө боловсон хүчин, мэргэжилтнээр гацах ёсгүй, шийдэх л учиртай юм, шийднэ. Тийм эрх бидэнд байхгүй газар юм.




Үр стандартыг тогтооход нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачид оролцдог. Үүнийг ШУА-ийн Ургамал, газар тариалангийн хүрээлэн, МУИС гээд үрийн чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүх эрдэмтэн сууж байгаад хэлэлцдэг, ангилдаг, нэрлэдэг. Манайх өнгөрсөн хугацаанд арав арван хүнтэй үрийн чиглэлийн багийг төв дээрээ 3 удаа хүлээн авсан.

 

Тодруулга: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” 34.6 га талбайд 6 зүйл буюу хайлаас, шар хуайс, монос, гүйлс, интоор, улиас суулгаж 2.1 сая мод тарьжээ. Дотоодын зэс үйлдвэрлэгч “Эрдмин” ХХК “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд таван жилийн хугацаанд 2 сая мод тарихаар төлөвлөжээ. Дээрх хэмжээний мод тарихад Мод үржүүлэх газар байгуулах шаардлагатай байгаа гэв.

Тус компани 2021 онд мянган ширхэг, 2022 онд 548 мянган мод тарьжээ. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө 96 хувиар биелүүлсэн байна.


Аймгийн хэмжээнд 2030 он хүртэлх хугацаанд 6 мянган га талбайд 20 сая мод тарина хэмээн Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат мэдээлсэн юм. Өнгөрсөн онд 12 байршилд 1.2 сая мод тарьсан. Энэ нь бидний нийт тарих модны 6.2 хувийг эзэлж байгаа. Энэ онд 4.8 сая мод тарихаар төлөвлөж байгаа. Нэг саяыг нь энэ хаврын тариалалтаар 6 байршилд тарина гэсэн юм.

Холбоотой мэдээ