ЗАВХАН: Хүн амын ядуурлын түвшнийг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-16 14:51:56

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 113 болж, өнгөрсөн оны мөн үеэс 802 хүнээр багассан байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 61 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 53.9 хувийг эзэлж байна. Ажиллах хүчний судалгааны дүнгээр аймгийн хэмжээнд 15 ба түүнээс дээш насны 29.2 мянган хүн байгаагийн 14.9 мянга (51.0%) нь эрэгтэй, 14.3 мянга (49.0%) нь эмэгтэйчүүд байна.

Харин баруун бүсийн хэмжээнд 15, түүнээс дээш насны 147.7 мянган ажиллагсад байгаагийн 19.8 хувь нь Завхан аймгийнх байна.

Завхан аймаг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодитой хэрэгжүүлсэн үр дүн нь ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурсан явдал юм. Халамжаас хөдөлмөрт бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулж байна.

Тухайлбал, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааны түвшнийг дээшлүүлэн ажилласнаар 10 сум хүнсний эрхийн бичиггүй, хөдөлмөр эрхлэгч сум болсон.

Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрхийн тоо өмнөх оноос 30 хувиар буурсан байна.


Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, ажил олгогч, иргэд гэсэн гурван талт оролцоог ханган ажиллаж байна. 2022 онд шинээр 1301 ажлын байрыг бий болгосноос, байнгын ажлын байр 694, улирлын чанартай ажлын байр 53, түр ажлын байр 554 байна. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 33 иргэний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлж ажлын байраар хангасан гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.  


Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтдоо, 2030 онд нэг хүнд ногдох орлогын хэмжээг 17,5 мянган ам.доллар байхаар төлөвлөсөн бөгөөд, Завхан аймгийн хувьд нэг хүнд ногдох орлогын хэмжээ 2054 ам.доллар байгаа нь улсын дунджаас 46.6 хувиар доогуур,  тогтвортой хөгжлийн зорилтоос 4,3 дахин бага байна.


Завхан аймаг сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулахад чиглэсэн зорилтуудыг хөгжлийн бодлогодоо тусгаж, төлөвлөсөн арга хэмжээний зорилтоор, ядуурлын үндэсний түвшнээс доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувийг 25 хувьд хүргэж чадсан бөгөөд энэ нь улсын дунджаас гурван хувиар доогуур байна. Тэгвэл, тогтвортой хөгжлийн бодлогод Монгол Улсын дэвшүүлсэн зорилт нь 9 хувьд хүргэхээр төлөвлөсний дагуу, Завхан аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2025 он гэхэд хүн амын ядуурлын түвшнийг 18 хувьд хүргэхээр зорьж байна.

Холбоотой мэдээ