Хятадын эрдэмтэд квант түлхүүрийн түгээлтийн хурдаар дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-03-16 13:05:20

ШАНХАЙ. /Xinhua/. Хятадын эрдэмтэд квант харилцааны гол цөм болох квант түлхүүрийн түгээлтийн (Quantum Key Distribution/QKD) хурдаар дэлхийн дээд амжилт тогтоожээ. 


Эрдэмтэд 10 км урт стандарт шилэн кабелиар секундэд 115.8 мегабит хурдтай түлхүүр үүсгэх боломжийг олгодог өндөр хурдны квант түлхүүрийн түгээлтийн  системийг боловсруулсан нь энэ салбарт дэлхийн шинэ дээд амжилт болсон байна. 


Өмнө нь өгөгдөл дамжуулах хамгийн өндөр хурд нь секундэд 10 мегабит байв. Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (USTC) профессор Сюй Фэйху, энэхүү систем нь квант харилцаа холбоо, квант сүлжээг өргөн цар хүрээтэй ашиглахад чухал ач холбогдолтой хэмээн онцлов.


Дээрх амжилтыг Хятадын физикч Пан Жианвэй, Сюй Фэйху нараар ахлуулсан USTC-ийн эрдэмтэн судлаачид тогтоожээ. Төсөлд мөн Шанхайн бичил схем, мэдээллийн технологийн хүрээлэн, Жинань дахь Квантын технологийн хүрээлэн, Харбины технологийн дээд сургуулийн мэргэжилтнүүд оролцсон байна.


QKD нь фотон гэх мэт жижиг бөөмүүдийн квант төлөвийг ашиглан шифрлэлт үүсгэж, гуравдагч этгээд мэдээг цацагч болон хүлээн авагчийн дундуур мэдээлэлд нэвтрэхийг оролдох үед фотоны квант төлөвт өөрчлөлт орж халдлага явагдсан нь тэр дороо илчлэгддэг байна.


Холбоотой мэдээ