Хэмнэлттэй эрчим хүчний технологиудыг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-15 15:51:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрөөр “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” өдөрлөгийг Эрх чөлөөний талбайд зохион байгуулж байна.


Монгол Улсад энэ өдрийг 2008 оноос хойш тэмдэглэж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад ач холбогдол өгч, хэрэглэгчдэд мэдлэг ойлголт өгөхөөр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байна. Өдөрлөгт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч, туслан гүйцэтгэгч, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид оролцож, амины орон сууцанд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах янз бүрийн боломж, шийдэл, хэмнэлттэй технологи, тоног төхөөрөмж танилцуулж, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг иргэдэд таниулж байна.


Иргэн бүр хэрэглээгээ хуваарилж, оргил ачааллын үед хөргөгч, хөлдөөгчөө түр салгах, цэнэглэж, хэрэглэж дууссан цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж, бүрэн унтраах, хүнгүй өрөөний гэрлийг унтраах, хийн зуух ашиглах гэх мэтээр бодитоор хэмнэж, эрчим хүчний системийн ачааллыг багасгах боломжтой. Өрх бүр эрчим хүчийг хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийг бууруулах боломж бүрдэх юм.


Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны төслийн мэргэжилтэн Э.Халиунаагаас байгальд ээлтэй, иргэдэд хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүчний сүүлийн үеийн технологийн талаар тодруулсан юм.


Тэрбээр, “Банкууд ногоон зээл өгч буй энэ үед айл бүр байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний ухаалаг технологи ашиглах боломжтой. Манай улс цахилгаан түгээх сүлжээтэй зэрэгцэн ажилладаг системийн тухай хууль журам, үнэ тарифыг баталсан тул хэрэглэгч бага оврын эрчим хүч үйлдвэрлэн, хэрэглээнээс давсан эрчим хүчээ улсад зарах боломж бий. Нэг квт цаг нь 140 төгрөг. Айл өрхүүд цахилгааны бодит хэрэглээндээ тулгуурлан мэргэжлийн байгууллагатай холбогдож, загварчлалыг янз бүрээр хийлгэн, ямар технологи сонговол хэдэн төгрөг хэмнэх, сайн чанарын батарей ашиглах зэргээр өөрт тохирсон технологи сонговол илүү үр дүнтэй. Энэ чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй компанид хандаж, судлуулаад, засвар үйлчилгээ хийдэг газрыг нь сонгох хэрэгтэй. Хамгийн багадаа 10 жил ашиглагдах 5 квт батарей систем 33 сая төгрөг орчим бол түгээх сүлжээтэй зэрэгцэн ажилладаг, батарейгүй 10 квт систем нь 42 сая төгрөг орчим байгаа.

Тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн суурилуулах компаниуд өөрсдөө урсгал засвар, цэвэрлэгээ арчилгаа зэрэг үйлчилгээгээ хийдэг, гар утаснаасаа системээ хянаад явчихдаг. Хувь хүнээс авбал эргээд буух эзэн, буцах газаргүй гэдгээрээ эрсдэлтэй. Нарны дэлгэц механик гэмтэл учруулахгүй бол 25-30 жил, инвертор 15-аас дээш жил, сайн чанарын батарей 10-аас дээш жил ашиглагдана” гэлээ.


Өдөрлөгийг ШӨХТГ, ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын амины орон сууц, инновац хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна. Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас энэ жил “Цэвэр эрчим хүчний шилжилтээр дамжуулан хэрэглэгчдийг чадавхжуулах” уриан дор тэмдэглэж байгаа аж. 

Холбоотой мэдээ