СЭЛЭНГЭ: Мандал сум Эрүүл мэндийг дэмжих төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-15 12:39:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагын баг эрүүл мэндийн салбартаа онцгойлон анхаарч, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.  


Тухайлбал нэн тэргүүнд хүн амын төвлөрөл ихтэй төв суурин болох аймгийн төв Сүхбаатар, Мандал, Сайхан сумын Нэгдсэн эмнэлгүүдэд хөрөнгө оруулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж байна.


Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн дэргэд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах ажлыг энэ удаа зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 500 орчим сая төгрөгийн, 16 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тус төвд нийлүүлжээ.


Үүнд мэс заслын таазны гэрэл, мэс заслын хажуугийн гэрэл, суурин болон зөөврийн эхо, бичигчтэй холтер, шүдний кресло, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, өвчтний хяналтын монитор, диализийн аппарат, биохимийн бүрэн автомат анализатор, зөөврийн дижитал рентген аппарат, гематологийн анализатор, цахилгаан цэнэг сэдээлтээр зүрхний хэмнэлийг засдаг зөөврийн дефибрилятор, соруулгын автомат аппарат, 2ш суурин компьютер зэрэг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүд багтаж байгаа аж.


Мөн тус төвд үргэлжлүүлэн байрны засварыг хийж гүйцэтгэснээр Мандал суманд Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг цогцоор шийдэж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. 


Мандал сум бол Монгол Улсын хамгийн том бөгөөд 28 мянган хүн амтай гэдгээрээ онцлогтой. 

Холбоотой мэдээ