Худалдааны салбарын борлуулалтын орлого 8.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-15 09:06:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 онд 37.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 8.6 (29.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Худалдааны салбарын борлуулалтын орлогын 21.8 хувийг хүнсний, 78.2 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа өнгөрсөн онд 8.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (16.3 хувь) их наяд, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 29.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 (33.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатахууны жижиглэн худалдаа 8.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.7 (46.8 хувь) их наяд, шатахууны бөөний худалдаа 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (66.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. 


Худалдааны салбарын 2022 оны борлуулалтын орлогын 41.1 хувь нь бөөний, 58.9 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байв. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2022 онд 22.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.8 (27.2 хувь) их наяд, бөөний худалдааных 15.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.9 (33.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны 12 сард 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 (38 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас өсөхөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа 217.6 (77.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Аймгуудын худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 онд өмнөх оныхоос 7.3-66.5 хувиар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ