ДУНДГОВЬ: "Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал, шийдэл" сэдвийн дор багш нар оюун ухаанаа уралдуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-13 13:57:26
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БШУГ-аас 2023 оны Багшийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, 15 сумын Ерөнхий боловсролын 17 сургуулийн 64 багш, 20 цэцэрлэгийн 41 багш оролцжээ.

Энэ удаагийн Эрдэм шинжилгээний бага хурал "Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал, шийдэл" сэдвийн дор боллоо.

20 цэцэрлэгийн 41 багшаас Дэлгэрцогт сумын хүүхдийн цэцэрлэгийн хамт олны "СӨБ-ын бүлгийн багш, туслах багш нарын хоорондын харилцааны асуудлыг судалсан нь" илтгэл түрүүлж, Сайнцагаан сумын 7-р цэцэрлэгийн "Зөөлөн ур чадварыг үйлчилгээний ажилтнуудын харилцаанд хэрэгжүүлж туршсан байдал" илтгэл удаах байрыг эзэлжээ.

Харин Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн хамт олны "Багшийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэхэд тушаал шийдвэрийн нөлөө" сэдэвт илтгэл гуравдугаар байр эзэлж, Улсын тэгүүний 4-р цэцэрлэгийн "Багш, эцэг эх хоорондын ёс зүйн харилцаа хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?", Сайнцагаан сумын 8-р цэцэрлэгийн хамт олны "Багшийн хувийн зохион байгуулалт, төлөвлөлт нь ёс зүйн асуудал гарахад нөлөөлсөн байдал" илтгэлүүд тусгай байрт шалгарсан байна.

Тус хуралд Ерөнхий боловсролын сургуулиудаас Эрдмийн далай цогцолбор сургуулийн  баг хамт олон “Багшийн ёс зүйн зөрчлөөс сэргийлэхэд (Soft skills-nay) дотоод ур чадваруудаас санал болгох нь” илтгэл тэргүүн байр эзэлж, Мандал сургуулийн хамт олны "Ээлжит хичээлийг үр дүнтэй зохион байгуулах замаар багшид ёс зүйн асуудал үүсэхээс сэргийлэх нь" илтгэл удаах байрт шалгарчээ. Харин Цэгцбилиг сургуулийн хамт олны "Багш, сурагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг үнэлэх боломж" илтгэл гуравдугаар байр эзэлж, “Говийн ирээдүй цогцолбор сургууль” болон  Гурвансайхан сумын сургуулийн хамт олны тавьсан илтгэлүүд тусгай байрт шалгарсан аж.

Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго, сэдвийн хүрээнд ямар асуудлыг дэвшүүлсэн тухай БШУГ-ын ахлах мэргэжилтэн Л.Оюунбаяраас тодруулахад “Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс жил бүр Эрдэм шинжилгээний бага хурлыг БШУЯ-наас дэвшүүлсэн зорилттой уялдуулан тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг. Энэ нь багш нарын судалгаа хийх, багаар хамтран ажиллах, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.  

Энэ жилийн хувьд сэдвийн хүрээнд багууд маш олон санааг дэвшүүлж гаргасан. Тухайлбал, багш нарын хувьд хүүхдийг ойлгох зөөлөн ур чадварыг хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглах санааг дэвшүүлж, багш өөрөө харилцаандаа зөөлөн ур чадвар, хандлагыг бий болгосноор багш, сурагчийн харилцаа эерэг болох ба энэ нь суралцагчийн сурлагын амжилтад нөлөөлдөг гэсэн зүйлийг оновчтой, судалгаатай, дүгнэлттэй  танилцуулсан.

Мөн багш сурагчийн хооронд ёс зүйн асуудал гарах нь багшийн хичээлийн бэлтгэлтэй холбоотой гэсэн санааг дэвшүүлж, хичээлийн 40 минутын хугацаанд багш өөрөө бэлтгэл сайтай байвал ямар ч асуудал үүсэхгүйгээр хүүхдүүдэд хичээлээ ойлгуулж, багш, сурагчид энэ хугацааг маш үр бүтээлтэй ашиглаж чадна гэдэг гэсэн шийдлийг танилцууллаа.

Багш нар хичээлдээ бэлтгэхийн тулд багаараа хамтран ажиллах хэрэгтэй, тэгвэл зэргэлдээ ангиудад орж байгаа багш нарын хичээлийн агуулга ижил болох ба нэг багшид үүсэх ачаалал буурч, стресс багасна гэсэн ач холбогдлыг тайлбарласан.

Мөн сургууль, цэцэрлэгүүдэд мөрдөж байгаа дүрэм, журам маш ойлгомжтой, цэгцтэй, энгийн байгаад, багш, сурагчгүй түүнийгээ мэддэг, мөрддөг байвал ямар ч асуудал үүсэхгүй гэсэн санааг хэд хэдэн баг танилцууллаа. Цэгц билиг сургууль яг ийм "Цэгц дүрэм" гэдгийг гаргаж, сүүлийн жилүүдэд мөрдөж байгаа ба энэ үр дүнгээ өгч байгаа нь бусад сургууль, цэцэрлэгүүдэд туршлага болохоор санаа байсан” гэлээ.  

2023 оны тус аймгийн Багшийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон 37 багаас Эрдмийн далай цогцолбор сургуулийн хамт олны илтгэл шалгарч, 4 дүгээр сарын эхээр улсын хэмжээнд зохион байгуулах Эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэлээ танилцуулах ажээ.



Холбоотой мэдээ