Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 5 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-02 11:05:15

Зэвсэгт хүчний 338 дугаар анги нь тайван цагийн орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэг техникээр нөхөн хангагдаж, 2011 оны 05 дугаар сарын  19-нөөс 21-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын чиглэлд марш үйлдэн хүрэлцэн ирсэн байдаг.  Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хуучнаар Барилгын материалын үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан 5,2 га талбайг засварлан тохижуулан  цэргийн хотхоныг шинээр байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй хамт олон өдгөө 5 жилийн ойгоо тэмдэглэж байна.

338 дугаар анги нь таван жилийн хугацаанд Төр засаг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Улс орны бүтээн байгуулалт, Олон Улсын Энхийг дэмжих ажиллагаанд барилга инженерийн чиглэлээр оролцох үндсэн үүрэг чиглэлтэйгээр ажиллаж иржээ. Ангийн бие бүрэлдэхүүнээс давхарсан тоогоор 65 цэргийн албан хаагч Судан, Бүгд найрамдах Өмнөд Судан, Афганистан улсуудад энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн өнгөрөгч 5 жилийн хугацаанд  Улс, аймаг, Зэвсэгт хүчний хэмжээний барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд оролцож ирсэн бөгөөд нийт 7 тэрбум 200 сая орчим төгрөгний ажил хийж гүйцэтгэжээ.

Таван жилийн ойн хүрээнд ангийн тохижилт болоод ажилчдын ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр ихээр анхаарчээ. Цэргийн байр, гал тогоо, халуун усны байруудыг аймгийн төвийн шугаманд холбож бохирын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. Ангийн байрлалд өрөмдлөг хийж гүний худаг гарган ашигласанаар цэвэр усны зардлыг хэмнэж чаджээ.Ангийн штабын байрыг өргөтгөсөн, гүйлтийн зам, гранатын талбай, сагс болон гар бөмбөгийн талбай бүхий биеийн тамирын цогцолбор талбайг тохижуулан ашиглалтанд оруулсан, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор ангийг бүрэн камержуулж, шилэн кабельд холбосон гээд олон ажлыг хийсэн байна. Мөн ажилчдынхаа орон сууцны гаднах талбайг тохижуулж бүрэн засвар хийж, 45 хүний суудалтай ажилчдын автобусны асуудлыг шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны мн/144 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайдын 15-р  тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 44-р тушаалаар  Сүхбаатар аймагт барилга инженерийн батальон байгуулах шийдвэр гарч байсан юм. Одоо тус анги нь дайчилгаа хүний нөөцийн тасаг, ажиллагаа удирдлагын тасаг, холбоо мэдээллийн тасаг, санхүүгийн алба, үйлдвэр маркетингийн алөа хангалт үйлчилгээний рот, барилга угсралтын рот, барилга засварын рот, дэмжлэгийн рот гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ