ӨВӨРХАНГАЙ: Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай “Өглөөний цайны уулзалт” хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-08 16:49:03

Арвайхээр /МОНЦАМЭ/. Үндэсний сэтгүүлзүйн 110 жил, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга А.Ишдорж орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай “Өглөөний цайны уулзалт” хийлээ.


Энэ үеэр Засаг дарга орон нутгаас болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллээр сэтгүүлчдийг хангаж, өөрийн санал бодлоо илэрхийлсэн юм. Мөн цахим орчинд мэдээлэл хяналтгүйгээр урсаж байгаа энэ цагт сэтгүүлчид иргэд, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангаж, худал хуурмаг мэдээллээс үүсэх хор уршгийг арилгахад гол үүрэг хүлээж байгааг хэллээ.


Тэрбээр "Аймгийн удирдлагаас дандаа сайн сайхан зүйлээ магтуулж бичүүлэхийг хүсэхгүй. Болохгүй, хэрэгжихгүй байгаа асуудлыг шүүмжилж, гарц шийдлийг нь хайж, гагцхүү үнэн бодит мэдээллээр хангах нь чухал" гэж байв.


Сэтгүүлчдийн зүгээс мэдээлэл олж авах, түгээх үйл ажиллагаанд төрийн байгууллагууд чухал үүрэгтэй байдгийг хэлж, хамтран ажиллах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Түүнчлэн аймгийн албаныхан аливаа улс орны томоохон арга хэмжээнд очихдоо хэвлэлийнхнээс оролцуулж, гадаад харилцааны мэдээллийг олон нийтэд хүргэж байх саналыг тавив.


Уулзалтын үеэр аймгийнхаа сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа сэтгүүлчдийг орон нутгийн шагналаар шагнан урамшууллаа. Өвөрхангай аймагт гурван телевиз, нэг радио, нэг сэтгүүл, хоёр сонины редакц үйл ажиллагаа явуулж байна. 




Холбоотой мэдээ