К.Бекжан: Бүргэдийг гаршуулан сургаж, ан ав хийдэг уламжлалыг хамгийн сайн хадгалсан нь Монгол Улс

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-04 17:12:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв Азийн нүүдэлчид 6 мянган жилийн өмнөөс махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж иржээ. Энэ уламжлалыг хамгийн сайн хадгалсан нь Монгол Улс гэдгийг жил бүр манай оронд болдог Бүргэдийн баяр-наадмаас харж болно. Энэ тухай өнөөдөр нийслэлд эхэлсэн Бүргэдийн баярыг зохион байгуулагчдын нэг Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан онцолж байна.


Тэрбээр анх Баян-Өлгий аймагт эхэлж байсан “Бүргэдийн баяр” нь өдгөө Монголд ирж буй жуулчдыг татах өвлийн аялал жуулчлалын гол үйл ажиллагаа болж, аялал жуулчлалын шилдэг эвентээр шалгарсныг тодотгосон юм.


Богд уулын Жаргалантын аман дахь “Чингис хааны хүрээ" жуулчны баазад эхэлсэн “Бүргэдийн баяр-2023” наадмыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор газар, “Монголын бүргэдчид” холбоо зохион байгуулж байна.


Бүргэдчидийн наадмыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нээж хэлэхдээ, "Манай улс “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд нийслэл хотоос “Бүргэдийн баяр”-ыг дэмжин, нэмж “Улаанбаатарын өвөл” эвент гэсэн хоёр гол үйл ажиллагааг зохион байгуулдаг болсон" хэмээн тодотгов.

“Бүргэдийн баяр”-т оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, гадаад, дотоодын жуулчдаас гадна нийслэлийн иргэд өргөн оролцох болсныг хэллээ. Мөн энд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, өв соёл тээгч нар оролцож, наадам өргөн дэлгэр болж байна гэв.


Тэрбээр, "Бүргэдийн баяр" наадмыг жил бүрийн 10 дугаар сард Баян-Өлгий аймагт, гуравдугаар сарын эхний амралтын өдрүүдэд нийслэлд зохион байгуулдаг уламжлал тогтсоныг тодотголоо.


Аялал жуулчлалын хүрээнд нийслэлээс 5 дугаар сард “Улаанбаатар тревэл” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, 6 дугаард “Талын салхи” фестиваль, мөн олон улсын морьт харваачдын наадам, “Шонхор шувууны өдөрлөг”, "Хоолны баяр" эвент үйл ажиллагааг улирал алгасалгүйгээр тус тус зохион байгуулахаар бэлтгэж байна.


Бид Бүргэдийн баярт ирсэн гадаадын жуулчдын сэтгэгдлийг сонслоо.

Их Британи улсын жуулчин Катя Катерин, “Бүргэдийн баяр"-т амжиж ирсэндээ их баяртай байна. Монголд ирсэн сэтгэгдэл маш өндөр байгаа. Миний аялал дөнгөж эхэлж байна. Би маргааш говь руу явж, "Тэмээний баяр" үзнэ. Уг нь Хөвсгөлд мөсний баярт оролцох байсан ч амжсангүй. Уламжлалт баярууд давхацлаа. Гэхдээ говиос Улаанбаатарт буцаж ирээд Хөвсгөл явна. Морин чарганд сууж, цаатан айлд зочилж, Монголын өвлийг мэдрэхийг маш их хүсэж байна. Монгол орны талаар, өнөөдөр болж буй "Бүргэдийн баяр"-ын талаар, казахуудын уламжлалын талаарх мэдээллийг интернэтээс олж мэдсэн” гэв. Тэрбээр аялал жуулчлалын компаниудыг хайж байгаад “Зэндминь” гэдэг байгууллагаар дамжуулан Huree цахим сайтаас мэдээлэл аван Монголд ирснээ хэлж байв.


Швейцарь улсын жуулчин Эрни Хосбалл, Хорст Хофманн, “Бид Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Энэ удаа өвөл ирж, "Бүргэдийн баяр"-ыг анх удаагаа үзэж байна. Эртний уламжлалт баяр, казах үндэстний баяр хэмээн ойлгож байгаа. Бүргэдчидийн нутаг Баян-Өлгий аймагт очиж байсан. Монголын талаарх мэдээллийг интернэтээс авсан” гэв.


Тэгвэл ОХУ-аас ирсэн жуулчин С.Владимир Монгол орны талаарх, Бүргэдийн баярын талаарх мэдээллийг ЭСЯ-наасаа авч байснаа хэлээд, "Би энэ удаа охинтойгоо аялж, Монгол орны өвлийг үзэж байна. Манай Сибирь, Эрхүү муж, Байгаль нуурынхтай адил байна" гэсэн юм.


“Бүргэдийн баяр-2023” наадамд Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас 19 бүргэдчин оролцож, бүргэдээр шырга буюу хиймэл өгөөш бариулах, тулам булаах зэргээр чадвараа сонирхуулсан юм. Эдгээрийг уралдаан, тэмцээний хэлбэрээр хийдэг нь "Бүргэдийн баяр" наадмын өвлөгдөж ирсэн нэг уламжлал болжээ.



Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм.

Бүргэдийн баярын нээлтэд манай улсад суугаа Энэтхэг, Турк, Канад, Польш, Чех улсын Элчин сайдууд болон ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо. “Бүргэдийн баяр-2023” наадмыг БОАЖЯ, Казах шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, тус аймгийн Соёл, урлагийн газар, Монголын шувуулахуйн холбоо, Бүргэд хамгаалалтын алба дэмжин, “Хушхан брэнд хамтран ажиллаж байна. “Бүргэдийн баяр-2023” наадам маргааш 2 дахь өдрөө үргэлжилнэ. 




Холбоотой мэдээ