Дилма Руссефф В.Маяковскийн шүлгээс иш татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-01 14:49:27

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Албан тушаалаасаа огцроод байгаа Бразилын Ерөнхийлөгч асан Дилма Руссефф өөрийн дэмжигчдэд хандан хэлсэн үгэндээ XX зууны үеийн Оросын хувьсгалын их яруу найрагч Владимир Маяковскийн бичсэн шүлгээс иш татжээ.

Тэрбээр “Би өөрийн хэлсэн үгээ Оросын яруу найрагч Маяковскийн нэгэн гайхалтай шүлгээр өндөрлөмөөр байна” гээд “Түүхийн ус булингартсаар байхад бидэнд баярлах шалтгаан үгүй, мөн гуниглах шалтгаан үгүй” гэсэн шүлгийн мөрийг уншсан байна.

Дилма Руссефф ″Ну, что ж!″ хэмээх Маяковскийн бичсэн шүлгийн португал хэлний орчуулгаас иш татан  ийнхүү хэлжээ.

Лхагва гарагт Бразилын Сенатын танхим Руссеффийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэх асуудлаар санал хураахад 61 гишүүн дэмжиж, 20 хүн эсэргүүцжээ. 

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан дэд Ерөнхийлөгч Мишель Темер 2018 оныг дуустал тус улсын тэргүүнээр  ажиллах юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ