ӨВӨРХАНГАЙ: Б.Отгонбанди: Сур буян дагуулдаг учраас айл болгонд байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-28 05:47:46

Арвайхээр /МОНЦАМЭ/. Хайрхандулаан сумын 3 дугаар багийн малчин Б.Отгонбанди уламжлалт арга технологиор сур, суран эдлэл хийх эрдмийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна.

Тэрбээр татлага сур, бөөрөнхий сүлжсэн бугуйл, эмээлийн гоёл унжлага, дөрвөөр сүлжсэн ганзага, зургаагаар сүлжсэн жирэм, наймаар сүлжсэн ташуур, арваар сүлжсэн хазаар, гучаар сүлжсэн суран бүс зэрэг 20 орчим хэв маягаар морь, малынхаа эдлэл хэрэглэлийг урладаг аж.


Монголчууд эртнээс малынхаа арьс ширийг боловсруулан суран эдлэл хийж, түүнийгээ нүүдлийн мал аж ахуйдаа хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Эдэлгээ урт, гарын ая даах чанарыг бодолцон хамгийн сайн ширээр хазаар, ногт, чөдрөө өөрийн гараар зэхэж ирсэн энэ үнэт өв уламжлал шинэ цагийн хөгжлийн “хөлд” гээгдэх дөхсөнийг цөөн хэдэн залуус сэргээн өвлүүлж байна.


Тэдгээрийн нэг болох Б.Отгонбанди сур элдэх, суран эдлэл хийх арга барилыг аав Д.Батмөнхөөс сурсан бөгөөд аавынхаа сур элдэж буй үйл хөдлөлөөс суралцаж, эхэн үедээ нууцаар жирэм сүлжсэнийг аав нь мэдэж урамшуулан дэмжиж өгснөөр төрөл бүрийн бүтээл хийх хүсэл сонирхлыг нь дэврээж өгсөн гэдэг. Тэрбээр “Суран бүтээгдэхүүн эдэлгээ сайтай, морь малдаа ээлтэй байдаг. Сур нь буян дагуулдаг гэж ярьдаг учраас монгол айл бүрт ядаж төө, алд хэрийн сур заавал байх ёстой юм” хэмээн хэлэв.

“Сураар эдлэл хийхэд мал төхөөрөхөөс эхлэн анхаарах ёстой. Арьс ширээ зүсэхгүй, мах үлдээхгүйгээр маш цэвэрхэн хуулж авах ёстой. Тэгээд улаан шүүсийг нь авч, идээлээд үсийг нь авч элдэнэ. Сур элдэхэд хүн хүний гар өөр байдаг онцлогтой. Яг ижилхэн цаг хугацаанд сур элдэхэд зарим хүнийх хатуу байдаг” гэж байлаа.


Сүүлийн жилүүдэд монголчууд сурыг дээдлэн унь, ханандаа өлгөх, суран эдлэл хэрэглэх сонирхол нэмэгдсэний улмаас Б.Отгонбандид захиалга ирэх нь нэмэгджээ. Зөвхөн хазаар, ногт, чөдөр, ташуур гэлтгүй, суран бүс, гүүний зэл, хөхүүрийн захиалга ч ирдэг аж. Асашёорюү Д.Дагвадоржийн захиалгаар хазаар хийж өгсөн, Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ф.Мэрлинд сур бэлэглэхэд “Монголын сурын үнэр маш гоё. Орныхоо дэргэд тавиад өглөө бүр үнэрлэдэг” гэж хэлсэн нь түүний бахархал юм.


Тэрбээр хийсэн бүтээлүүдээрээ аймаг, орон нутгийн үзэсгэлэн худалдаанд оролцож, шилдэг бүтээлийн шагнал авч байсан бөгөөд 2018 онд Хүй долоон худагт болсон Ардын урлагийн их наадмаар “Шилдэг өвлөн тээгч” шагнал хүртжээ.

“Сур элдэж, суран эдлэл сүлжиж суухад маш их тэвчээр шаарддаг, бас жигд гоё сүлжихийн тулд сэтгэлээ их шингээдэг зэрэг нь монгол хүний онцлог, давуу талыг харуулж өгдөг” хэмээн Б.Отгонбанди хэлж байлаа. 
















Холбоотой мэдээ