Зөвлөлдөх санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар тайланг хүлээн авахдаа "Хоёр шатны санал асуулгын тайланг хуулийн хугацаанд нь хүлээн авч байна. Бид тайланг хэлэлцэж, УИХ-д танилцуулах зөвлөмжийг боловсруулах ажилдаа орж байна" гэлээ.
Зөвлөлдөх санал асуулгын тайланг хүлээн авсантайгаа холбогдуулах Зөвлөлдөх зөвлөлөөс сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн үеэр тус зөвлөлийн гишүүн Д.Моондой "Хүмүүс биднийг Зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг өөрсдөө зохиож бэлтгэсэн гэж ташаа ойлгоод байна. Бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан" хэмээлээ. Мөн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Л.Төр-Од зөвлөлдөх санал асуулгын эрх зүйн талаар зарим тайлбарыг хийж, Үндэсний статистикийн газраас Зөвлөлдөх зөвлөлд, санал асуулгуудын дүнгээс гадна үйл ажиллагааны тайланг хүлээлгэн өгөх бөгөөд хуулийн дагуу Зөвлөлдөх уулзалтын хэсгийн хэлэлцүүлгүүд буюу нийт 54 хэсгийн оролцогчид асуудлуудаа хэлэлцэж байгаа бүрэн тэмдэглэлийг олон нийтэд ил болгох үүрэгтэйг тайлбарлав.
Мөн хэвлэлийн бага хуралд оролцсон Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт хоёр шатны санал асуулгын үеэр хууль журам зөрчсөн тохиолдол гараагүй, оролцогчид болон бусад иргэдээс гомдол санал ирээгүй гээд, санал асуулга болон Зөвлөлдөх уулзалт хуулийн дагуу явагдсан хэмээн үнэлж буй тус комиссын дүгнэлтийг хэлсэн юм. Үндэсний статистикийн хорооноос хүлээлгэн өгсөн хоёр шатны санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэж, УИХ-д танилцуулах зөвлөмжийг боловсруулах юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу УИХ уг зөвлөмжийг цаашдын хууль тогтоох, бодлого тойдорхойлох үйл ажиллагаандаа харгалзан үзэж ажиллана.