Узбекистаны Ерөнхийлөгчийн хэлэх үгийг телевизээр уншжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-01 09:27:38

ТАШКЕНТ./Kazinform/. Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Узбекистан улсын Ерөнхийлөгч Ислам Каримовын хэлэх үгийг тус улсын төрийн мэдлийн телевизээр уншсан байна. Ерөнхийлөгч Каримовын тархинд нь цус харваж, эрчимт эмчилгээнд ороод байгаа юм.

Түүний охидын нэг нь хэлэхдээ “олон нийтийн дэмжлэгийн ачаар аавын минь бие тэнхэрч байна. Миний эцгийн биеийн байдлын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлэхгүй байхыг би та бүхнээс хүсч байна” гэсэн байна.

Каримов таалал төгссөн гэх мэдээллийг ч сөрөг хүчнийхэн цацсан ажээ.

Өдгөө 78 настай Каримов хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан тус улсыг 1991 онд тусгаар тогтносноос хойш удирдаж байгаа юм.

Каримовын нэрийн өмнөөс телевизээр хэлсэн үгэнд “Узбекистаны ард түмэнд тусгаар тогтнолын баяр хүргэе! Есдүгээр сарын 1-ний энэ өдөр бол “тоталитар дэглэмийн сүлжээ”-г устгаж, узбекчүүдэд эрх чөлөөт, сайн сайхан амьдралаа цогцлоох боломжийг олгосон өдөр юм” гэжээ.

Ерөнхийлөгч Каримов хамгийн сүүлд өнгөрсөн сарын 17-нд Өмнөд Солонгосын Дотоод хэргийн сайдтай уулзаж байгааг телевизээр харуулсан юм.

Тусгаар тогтнолын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч Ислам Каримов тасралтгүй оролцсоор иржээ.

Тус улсын Засгийн газар тусгаар тогтнолын баярт зориулсан зарим арга хэмжээ, тухайлбал лхагва гарагт болох ёстой байсан баярын концерт болон өнөөдөр болох ёслолын буудлагыг цуцалсан байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ