Дүрслэх урлагийн салбарын ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-13 07:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дүрслэх урлагийн салбарын ахмад уран бүтээлчдийн "Ахмад үе" хүндэтгэлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд энэ сарын 10-нд нээлээ.


Үзэсгэлэнд ахмад уран бүтээлчдийн тухайн цаг үеийн дүрслэх урлагийн хөгжил, уран бүтээлчдийн чанар чансааг илэрхийлсэн 44 бүтээлийг дэлгэжээ. 

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 4000 орчим бүтээлийн 90 хувь нь ахмад уран бүтээлчдийн бүтээл эзэлдэг байна. 

Үзэсгэлэнгийн үеэр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамнаас баримталж буй Дүрслэх урлагийн салбарын бодлогыг танилцуулж, ахмад уран бүтээлчдийн туршлага, мэдлэг, зөвлөгөөг салбарын бодлогод тусган ажиллахаа илэрхийллээ.


Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа хэлэхдээ, “Монголын Уран зургийн галерей 1991 оноос эдүгээ 32 жилийн түүхийг бүтээж байна. Энэхүү хүндэтгэлийн ёслолыг 2019 онд зохион байгуулахад 50 гаруй ахмад уран бүтээлч хүрэлцэн ирж байсан бол өнөөдөр 10 гаруй нь бурхны оронд оджээ. Уран бүтээлч хүн богино хугацаанд амьдрахдаа зуун зуун жилээр бүтээлээ мөнхөлж үлдээдэг хувьтай. Алтан үеийн уран бүтээлчдийн алдартай бүтээлүүд Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй. Алтан үеийнхний бүтээл он жил өнгөрөх тусам үнэ цэнтэй болж байна. Орчин үед дүрслэх урлагийн бүх урсгал хөгжиж байгаа ч энэ бүхэн хэзээ ч хуучрахгүй үргэлж шинэ, содон хэвээрээ байх болно” гэв.


 Тус үзэсгэлэнгээс Монголын дүрслэх урлагийн нэгэн үе, нийгэм цаг үеийн өвөрмөц өнгө төрхийг сонирхох боломжтой.


МУУГЗ Г.Дунбүрээ, “Бид ахмад үе боловч бидний өмнөх алтан үеийн ахмадуудын бүтээл мөнхөд оршиж байгаа учир сэтгэгдэл өндөр байна. Монголын Уран зургийн галерей бол  монголын урчууд, зураачдын энергийн төв юм. Монголын дүрлсэх урлагийн уран бүтээлчид монголчуудын уламжлалт аж амьдрал, түүхийг судалсны үндсэн дээр бүтээлээ туурвиж ирсэн. Тиймээс залуу уран бүтээлчид судалбарыг сайн хийсний үндсэн дээр уран бүтээлээ туурвиж байх ёстой. Энэхүү “Монгол транс” бүтээлээ 1971 онд зурсан. Энэ бол монголын ард түмэн морин өртөөг халж машин техник эзэмшиж шинэ эринд ирснийг харуулсан түүхийн бодит зураг юм” хэмээв.  


Зураач С.Мижиддорж хэлэхдээ, “1988 онд зурсан “Сарлагийн уралдаан” зургаа хараад таньдаг хүнтэйгээ уулзсан мэт сонин санагдаж байна. Олон жилийн өмнө бүтээжээ. Архангай аймагт болсон сарлагийн уралдааныг үзээд зурж байсан юм. Хоёрыг зурснаас нэг хувь нь Буриадын үзэсгэлэнд байгаа. Монголын Уран зургийн галерейд “Наадам”, “Хурим”, “Жороо морины уралдаан” гээд хэд хэдэн бүтээл маань хадгалагдаж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


"Алтан үе" үзэсгэлэн 3 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.









Холбоотой мэдээ