Турк Улс дахь газар хөдөлсөн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүнтэй баг оролцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-07 19:23:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр үдээс хойш болж, Турк, Сири Улсад үзүүлэх тусламж  дэмжлэгийн асуудлыг хэлэлцсэн байна.


Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Турк, Сири Улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амь насаа алдсанд Монгол Улсын Засгийн газрын нэр өмнөөс болоод хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тус хуралдаанаас хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр  шийдвэрлэсэн болохыг хэллээ. 


Бүгд Найрамдах Турк Улс дахь газар хөдөлсөн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна. Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн махан нөөш, лаа гэрэлтүүлэг, дулаан хөнжил зэрэг тусламжийн бараа, аврах багийн хэрэгсэл зэргийг илгээхээр болсон байна. Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг бүрэлдэхүүн одоогоор нислэгийн зөвшөөрөл хүлээж байгаа аж. Гадаад харилцааны яам тус бүс нутагт буй монгол иргэдтэй холбогдсон ба одоогоор амь нас, эрүүл мэндэд нь аюул учраагүй гэдгийг Шадар сайд мэдээлэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Турк Улсад одоогийн байдлаар 6000 монгол иргэн ажиллаж амьдардаг. Тус улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан. Газар хөдлөлт нь монгол иргэд ажиллаж амьдардаггүй бүс нутагт тохиолдсон. Тэрхүү бүс нутаг дахь хоёр иргэнтэй холбоо тогтоосон" гэв.

Холбоотой мэдээ