ЗАВХАН: Малын гоц халдварт өвчингүй, тайван байдлаа хадгалахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-07 15:37:31

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт УИХ-ын гишүүн, Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын баг ажиллалаа.

Ажлын баг Завхан аймгийн Их-Уул, Улиастай, Алдархаан суманд ажиллаж, малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчдын санал хүсэлтийг сонслоо.

Мөн аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, Завхан аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангалт, мал аж ахуйн өвс тэжээлийн нөөц, хүрэлцээ хангамж, өвөлжиж хаваржих мал сүрэг, өвөлжилт зудын эрсдэлийн үнэлгээ, төв суурин газрын өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутгийн цаг агаарын төлөв байдлын мэдээлэл, орон нутгаас тавих санал хүсэлт зэргийг сонслоо.

Завхан аймгийн тухайд Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангид фургон автомашин, Баянхайрхан, Түдэвтэй, Дөрвөлжин, Яруу сумд түргэн тусламжийн автомашин нэн шаардлагатай байна. Нийт сумдын эмийн нөөц хоёр сар, үүнээс Баянтэс, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Отгон, Сантмаргаз, Сонгино, Тэс, Тэлмэн, Цэцэн-Уул сумын Эрүүл мэндийн төвд эмийн нөөц дутагдалтай байна. Сумдаас авсан судалгаагаар 2000 тн өвс, 1250 тн тэжээлийн хэрэгцээ шаардлагатай байгаа. Ургамал сумын Хүнгийн голын гүүр, Түдэвтэй сумын Жарантай голын гүүрэнд засвар хийх, хүчитгэх. Учир нь энэ гүүрээр ачаа тээврийн автомашин зорчиход хүндрэлтэй, эвдрэл ихтэй байгаа хэмээн ажлын багт танилцуулж санал тавилаа.


Завхан аймаг Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу үнэлгээг гурван удаа, Засгийн газрын 2015 дугаар тогтоол Зудын эрсдэлийн шалгуураар хоёр удаа тус тус үнэлгээ хийсэн. 2023 оны 2 дугаар сарын 2-ны байдлаар Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Отгон, Нөмрөг гэсэн зургаан сум цагаан зудтай. Тосонцэнгэл, Их-уул, Идэр, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу, Түдэвтэй, Алдархаан, Улиастай, Шилүүстэй, Эрдэнэхайрхан гэсэн 12 сум цагаанаар зудархуу, бусад сум зудын нэн эрсдэлтэй байна.


Сайд Х.Болорчулуун Монгол Улсын Засгийн газраас хийсэн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Завхан аймагт 50 тонн тэжээлийн будаа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр зудын эрсдэл бүхий сумдын малчдад хүргэх 42 сая төгрөгийн батламжийг аймгийн удирдлагуудад гардуулан өглөө.


Түүнчлэн малын ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх, өвөлжилт хаваржилтыг эрсдэл багатай даван туулах. Аймгийн аюулгүй нөөцийг нэмж бүрдүүлэх, малын гоц халдварт өвчингүй, тайван байдлаа хадгалж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Мөн үеэр салбар яамнаас шатахууны дэмжлэг болгож 10 сая төгрөг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бэлчээр, тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд компьютер олголоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ