ДУНДГОВЬ: "Ковид-19" төслийн үр дүнг тодорхойлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-07 16:14:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны зөвлөх Кейвин Янил Ким, Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч Викрам Ражан нараар ахлуулсан баг Дундговь аймагт ажиллаж, "Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах" төслийн үр дүнтэй танилцав.



Дэлхийн банкнаас ковид цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, халдварын эсрэг хариу арга хэмжээ авах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлжээ.

Төслийн баг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Луус, Сайнцагаан сумын ЭМТ-д ажиллаж, ковид цар тахлын үед авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн ашиглалт, вакцинжуулалт, сургамж, амжилтыг тодорхойлон ковидын халдварын дараах үед хэрхэн хамтран ажиллах тухай санал авч, хэрэгцээг тодорхойлох уулзалтуудыг зохион байгуулсан аж.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ЭМГ-ын дарга Б.Алтантөгс нар ковид цар тахлын үед Дундговь аймагт авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч, орон нутагт гарсан хүндрэл бэрхшээл, ололт амжилт, сургамжийн тухай санал солилцжээ.



Төслийн хүрээнд 2021 онд  тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 20 нэр төрлийн 927,4 сая төгрөг, Эрүүл мэндийн төвүүдэд 7 нэр төрлийн 106,8 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн бол 2022 онд Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өндөршил сумын ЭМТ-д 33,3 сая төгрөгийн мобайл технологийн тоног төхөөрөмж өгсөн байна.  



Холбоотой мэдээ